“Чандраян-3” Сарны тойрог замд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-08-06 14:07:08

ШИНЭ-ДЕЛИ./BBC/. Бямба гарагт Энэтхэгийн “Чандраян-3” сансрын аппарат Сарны тойрог замд амжилттай орсон тухай тус улсын Сансар судлалын агентлаг мэдээлэв.


Тойрог замын аппарат, буугч болон явагч аппарат бүхий “Чандраян-3”-ыг долоодугаар сарын 14-нд Дэлхийгээс хөөргөсөн бөгөөд буугч, явагч аппаратуудыг  наймдугаар сарын 23, 24-ний орчимд Сарны гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байгаа ажээ.


Эл төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд Энэтхэг нь Сарны өмнөд туйлын орчимд төхөөрөмж газардуулсан анхны улс болно. Сарны гадаргуугийн уг хэсгийг харьцангуй бага судалсан ажээ. Мөн тус улс Саран дээр аппаратаа зөөлөн газардуулсан дөрөв дэх улс /АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа орох/ болох юм.


“Чандраян-3”-ыг Дэлхийгээс хөөргөснөөс хойш долоо хоног гаруйн дараа уг хөлөг слингшот маневр хийж, Сарны тойрог замд оржээ. Сар руу илгээсэн Энэтхэгийн гурав дахь аппарат “Чандраян-3” өмнөх төхөөрөмжүүдийн амжилтыг ахиулах төлөвтэй байна. 



Холбоотой мэдээ