Д.Заяабаатар: Монголчууд хэн гэдгийг шинжлэх ухаанчаар таниулах зам бол Монголч эрдэмтдийн их хурал

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-08-14 16:29:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн олон орны монголч эрдэмтэд Улаанбаатар хотноо чууллаа. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын хамгийн том салбар хуралдаан нь “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе” сэдэвтэй байв. Энэ хурлын нэг салбар хуралдааныг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар удирдан явуулсан юм. Доктор Д.Заяабаатартай ярилцлаа.


-Монголч эрдэмтдийн их хуралд онцгойлон ач холбогдол өгч зохион байгуулахын гол утга учрыг та хэрхэн тайлбарлах вэ?

-Монгол Улс бол дэлхийн монгол судлалын төв гэдгийг илэрхийлдэг ганц том үйл ажиллагаа бол энэ арга хэмжээ юм. Монгол судлалыг хөгжүүлэх нь монголчууд бидэнд л хэрэгтэй. Монголын соёлын талаар гадаад ертөнцөд хамгийн зөвөөр, шинжлэх ухааны замаар, эрдэмтдийнхээ үг хэлээр дамжуулна гэдэг нь бидний талаар хамгийн бодитой мэдээлэл дэлхий дахинд түгээж байна гэсэн үг. Тэр ч утгаараа монгол судлалаар ажилладаг, Монголыг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачдаа их хуралдаа урьж залдаг. Энэ арга хэмжээг зарим эрдэмтэн “Монгол судлалын олимп” гэж нэрлэхийг ч сонслоо.

Энэ бол хэдэн эрдэмтэн цугладаг энгийн нэг хурал биш юм. Энэ бол Монгол гэдэг үндэстэн даян дэлхийд тархан суурьшсан байх хэдий ч гал голомт нь, төв нь Монгол Улсад байна шүү гэдгийг дэлхий дахинаа тунхаглан зарлаж, түүнийг нь дэлхийн олон эрдэмтэд баталгаажуулж байгаа том үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй юм. Энэ үүднээсээ Монгол төрийн тэргүүн ивээлдээ авч, төр засаг маань дэмжиж их хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулсан хэрэг.  

Цаашид энэ хурлыг улам тэлж, судлаачдаа аль болох олон болгохын төлөө ажиллах ёстой юм байна гэдгийг гадна дотнынх гэлгүй бүх л эрдэмтэд хэлж ярьж байгаа. Ингэж байж бид дэлхийд зөв үнэлэмжтэй, зөв ойлголттой танигдах ёстой. Монголын талаарх мэдээллийг зөв байршуулна гэсэн үг. Ний нуугүй хэлэхэд, Монголыг сурталчилж байгаа олон зам байна. Тэр дундаас хамгийн зөв ганцхан зам байна. Монголчууд хэн юм бэ гэдгийг шинжлэх ухааны замаар, бодитойгоор таниулах цорын ганц зам нь энэ их хурал гэж шуудхан хэлж болно. Тийм ч учраас энэ хурлын тэр өргөн агуулгыг зөв олж харж, тасралтгүй зохион байгуулах учиртай.


-Монгол судлалаар ажилладаг эрдэмтдээ, залуу монгол судлаачдаа дэмжих тал дээр баримтлах бодлого ямар байвал зохилтой вэ?

-Дэлхийн улс орнууд өөрсдийнхөө соёлыг түгээх, өв түүхээ таниулж мэдүүлэхийн тулд засаг төр нь мөнгө гаргаад судлаачдыг дэмждэг, бэлтгэдэг. Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг, Хятадын Засгийн газрын тэтгэлэг гэх мэт. Энэ зарчмаар манайх хандаж, монгол судлаачдыг бэлтгэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг гээч юмыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, монгол судлаачдыг Монгол Улс өөрөө бэлдэх учиртай. Гаднын улс орнуудад өөр өөрсдийн шугамаар бэлтгэгдсэн монгол судлаач эрдэмтэд байна. Гэхдээ хэлтэй, устай, орчин нөхцөлийг нь, бидний зан сэтгэлгээг  мэддэг, ёс заншил, ахуй орчныг зөв таньж мэдсэн, мэдэрсэн тийм судлаачдаа бид өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар үүн дээр маш соргог байгаасай. Жилдээ тодорхой тооны судлаач бэлдэх нь зүйтэй. Олон байх албагүй, тийм их мөнгө ч гарахгүй. Ингэж бид өөрсдөө өөрсдийнхөө судлаачдыг бэлдэж баймаар байна. Ингэх нь биднийг сайн тань, зөв сурталчил гэсэн агуулга юм. Бид гаднынханд тэтгэлэг олгох гээд байгаа хэрэг биш. Бидний төлөө ажиллах хүнээ л бэлдэж байгаа хэрэг болно шүү дээ.


-XII их хурлын Монгол хэл, уран зохиолын салбар хуралдаанд маш олон судлаач илтгэл тавьсан. Ярих зүйл ч их байсан байх?

-Монгол хэл, уран зохиол бол энэ их хурлын хамгийн гол тулгуур сэдэв учир “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе” сэдэвт салбар хуралдаан хамгийн олон оролцогчтой нь байсан. Тиймээс гурван зэрэг салбарлан хуралдсан. Зөвхөн энэ салбар хуралдаанд л гэхэд 180 орчим гадаад, дотоодын судлаач эрдэмтэн илтгэл тавьсан. Одоо бид үргэлжлүүлээд монгол хэл судлалаар дагнасан хурал хийнэ. Гадаадын эрдэмтэд цаг зав, зардал мөнгөө гаргаад ирж байгаа энэ үеийг  ашиглаад бид ярилцах зүйлсээ хангалттай яриад авахыг зорьж байгаа юм. 12 орны 50 судлаач зөвхөн монгол хэлний асуудлаарх илтгэлээ хэлэлцүүлнэ.

Монгол хэлний хамгийн сонгодог судалгаа нь түүхийн судалгаа байдаг. Монгол хэл бол зөвхөн энэ нутагтаа яригддаг, хэрэглэгддэг хэл биш. Энэ бол нэгэн цагт дэлхийг хамран хэрэглэгдэж байсан хэл. Дэлхий дахинд ул мөрөө үлдээж чадсан хэл. Тийм ч учраас бидний эх хэлний хамгийн чухал хэсэг нь түүхэн судалгаа мөнөөсөө мөн. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын үр хойчсын хэл аялгуу өнөөдөр ямар байна, өнгөрсөнд яаж хувирч хувьсав гэдэг асар сонирхолтой судалгаа. Судлах зүйл энэ салбарт гүн гүнзгий байна.


-Их хуралд оролцогсод бараг бүгд монгол хэлээр илтгэлээ тавьж байсан. Монгол судлаач эрдэмтэд монгол хэлээр ярьж, монгол хэлээр судалгаа, эрдмийн ажлаа хийхийн ач холбогдол нь юу юм бол?

-Бид Монголч эрдэмтдийн их хурлын үндсэн хэл нь монгол хэл байх ёстой гэсэн зарчмыг баримтлахыг хичээдэг. Ингэсний үр дүн нь ч гарч байгаа. Одоо өөрийн орны хэлээр ярьж байгаа, илтгэл тавьж байгаа гадны монголч эрдэмтэд ч цөөрсөн байна. Харин ч бараг монгол хэлээр ярихгүй байгаа нь өөрсдөөсөө санаа зовох маягтай болсон байна. Монгол хэлээр ярина гэдэг бол ийм хэлтэй, ийм улс үндэстэн байдаг, өөрийн гэсэн хэлтэй тусгаар улс байна гэдгийг тухай тухайн орондоо таниулан сурталчилж байгаа нэг гол зүйл. Тэгэхээр монгол хэлтэй монголч эрдэмтэн бэлдэхэд бид байнга анхаарах болно.


-Монгол хэлний дархлааны тал дээр бид одоо санаа тавих шаардлагатай байгаа юу?

-Хэл шинжлэлд хэлний дархлаа, хэл оршихуйн үндсэн тулгуур болдог ойлголт гэж бий. Ямар хэл дархлаатай хэвээр байна, аль хэл дархлаа нь суларч байгаа вэ гэдгийг тодорхойлдог ойлголт гэсэн үг. Энэ талаас нь харвал монгол хэл бол бүрэн дархлаатай хэл. Өөрөөр хэлбэл тээгч нь байна. Тэр тээгч нь тусгаар Монгол Улс. Монгол хэл бол мөхлөөс маш хол хэл юм шүү. Гэхдээ бид хэлээ хамгаалах үүрэгтэй. Харин хос хэлний асуудал гэж яривал өөр хэрэг. Хэрэв хос хэл гэж яривал тухайн гадаад хэлийг заавал судлан сурах ёстой хэл болно гэсэн үг. Ингээд хоёр хэлийг зэрэгцүүлэн судлах явцад аль нэг хэл нь давамгайлах хандлага бий болбол яах вэ гэдэг том асуудлаас бид болгоомжлох ёстой. Залуу үе нь гадаад хэлийг илүү сонирхон сураад эхэлбэл шинэ хэлний тээгч нь залуужиж, үндсэн эх хэл тээгч нь насжих хандлагатай болчихно. Ингэвэл хэл аюулд орно гэж үздэг. Гэхдээ бид дэлхий ертөнцийн соёлтой хөл нийлүүлж, гадаад хэлийг сурч судлах нь зүйн хэрэг.


-Та энэ хурал дээр “Улаанбаатар аялгуу” гэдэг нэр томьёо бий болгох санаа дэвшүүлсэн илтгэл тавьсан. Энэ талаараа яриач?

-Монгол хэлний бичгийн хэл гэж байдаг. Энэ нь өөрийн гэсэн хэм хэмжээ, стандарттай. Гурван хэм хэмжээг гол болгодог. Зөв бичих зүй, зөв дуудах зүй, зөв найруулга зүй гэж. Зөв дуудах зүйн суурь нь ямар нэгэн баримжаа аялгуу байх ёстой. Баяд, ойрд, буриад цөм өөр өөрсдийн аялга, үг хэлээр ярих өөр хэрэг. Хаана төрсөн, ямар ястан угсаатан гэдгээс үл хамаарч нийтээр ойлголцдог гол хэл аялгыг “Улаанбаатар аялгуу” гэж нэрлээд байгаа хэрэг. Олон улсын стандарт нь өөрөө тийм байдаг. Бээжин, Сөүл, Токио, Москва аялгуу гэх мэт. Монгол хэлний суурь нь “Халх аялгуу” гэж нэрлэж байгаа. Харин одоо “Улаанбаатар аялгуу” гэж нэрлэх нь зүйтэй юм гэсэн санааг миний хувьд дэвшүүлсэн. 

Холбоотой мэдээ