Moody’s: Хятад улс оны эцэст автомашины экспортоор дэлхийд тэргүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Хятад улс 2023 оны эцэс гэхэд Японыг гүйцэж түрүүлснээр автомашины экспортоор дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна гэж “Moody’s” агентлаг таамаглажээ.
“Хятад улс цар
тахлын үеэр 2021 онд
БНСУ-ыг, 2022 онд Германыг гүйцэж түрүүлснээр дэлхийн автомашины хоёр дахь том экспортлогч
болоод байна” гэж зээлжих зэрэглэлийн агентлагийн тайланд дурджээ.
Харин одоо Японы үзүүлэлтэд ойртож, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хоёр улсын үйлдвэрлэлийн сарын зөрүү нь дунджаар 70 мянга
орчим автомашин болж багасчээ. Өнгөрсөн оны мөн улиралд энэ зөрүү 171 мянга
байжээ.
“Одоогийн хурдаар
нь тооцоолбол, Хятад улс энэ оны эцэс гэхэд Японыг гүйцэж түрүүлэх төлөвтэй
байна” гэж “Moody’s” агентлагийн
эдийн засагчид тооцоолсон байна. Япон улс нь 2019 оноос хойш автомашины экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байгаа билээ.
Өрсөлдөөний давуу
тал нөлөөлөв үү?
Цахилгаан
тээврийн хэрэгслийн эрэлт огцом нэмэгдсэн нь Хятадын автомашины экспортыг цар
тахлаас ч өмнө урьд хожид байгаагүй түвшинд хүргэж өсгөсөн юм.
Улмаар 2023 оны эхний
хагаст Хятадын цахилгаан машины экспорт өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин
нэмэгджээ. Харин уламжлалт болон цахилгаан машины аль алийг нь зах зээлд
нийлүүлдэг Япон, Таиландын экспорт цар тахлын өмнөх хэмжээнд хараахан хүрээгүй байна.
Хятад улс
лити-ион цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр давуу байгаа нь тус улсын автомашин үйлдвэрлэгчдэд илүү боломж олгож буй нэг хүчин зүйл юм.
“Moody’s”-ийн тооцоогоор, Япон, БНСУ
зэрэг өрсөлдөгчидтэй харьцуулахад Хятадад ажиллах хүчний зардал бага байдаг тул дэлхийн литийн нийлүүлэлтийн тэн хагасаас илүү хувийг эзэлдэг байна. Мөн
тус улс дэлхийн металл боловсруулах хүчин чадлын талаас илүү хувийг
эзэмшдэг.
Үүнтэй холбоотойгоор
“Tesla”, “BMW” зэрэг дэлхийн томоохон автомашин
үйлдвэрлэгчид Хятадад үйлдвэрээ байгуулдаг. Гэхдээ гадаадын тэдгээр
брэнд нь “Chery”, “SAIC” зэрэг дотоодын брэндүүдийн “сүрийг дарж
чаддаггүй” гэдгийг “Moody’s”
тэмдэглэжээ.
Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч гүрнүүдийг хамардаг Ази-Номхон далайн бүс нутагт автомашины экспортын сэргэлт харилцан адилгүй байгааг “Moody's” онцоллоо. Харин өнгөрсөн онд дэлхий даяар худалдаалагдсан бүх суудлын автомашины 30 орчим хувийг цахилгаан автомашин эзэлсэн бөгөөд цар тахлын өмнө энэ үзүүлэлт 5 орчим хувьтай байжээ. Олон улсын эрчим хүчний агентлагаас дөрөвдүгээр сард мэдээлснээр, 2022 онд цахилгаан автомашины борлуулалт 10 сая гаруй нэгжид хүрч, Хятад улс зах зээлийн 60 орчим хувийг эзэлснээр тэргүүлжээ.
Хятадад цахилгаан машины эрэлт өссөн нь Хятадын
үйлдвэрлэгчид үнийг ихээр бууруулсан, мөн засгийн газрын өгөөмөр дэмжлэгтэй холбон тайлбарласан байна. Тухайлбал, 2014 оноос хойш цахилгаан автомашин худалдан авсан тохиолдолд 10 хувийн татвараас чөлөөлж байгаа ажээ.