Вьетнамын “үнсэлцэж буй хад” нурах эрсдэлтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-24 09:55:16

ХАНОЙ. /BBC/. Вьетнамын Халонг булангийн төв хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт “үнсэлцэж буй хоёр хад” нурж магадгүй болсныг судлаачдын нэгэн тайланд анхааруулжээ. 


Куангнинь мужид орших Халонг булан нь олон зуун жижиг арлуудтай бөгөөд 2019 онд 4 сая жуулчин энд ирсэн байна. Булангийн усан дотор өргөгдөж тогтсон, “үнсэлцэх” гэж буй мэт харагддаг хоёр хадыг жуулчид маш ихээр сонирхдог.


Гэтэл далайн түвшин нэмэгдэж, загасчдын завь байгалийн үзэсгэлэнт тогтоцын дэргэдүүр хэтэрхий ойрхон өнгөрч байгаагийн улмаас хад элэгдэлд орж буйг мэргэжилтнүүд долоодугаар сард танилцуулсан тайландаа анхааруулсан байна.


Вьетнамын Геошинжлэх ухаан, ашигт малтмалын хүрээлэнгийн мэргэжилтэн Хо Тиен Чунгийн ярьснаар, хууль бус загасчлал, зохицуулалт муутай аялал жуулчлал нь хадны элэгдэх явцыг түргэсгэж байгаа ажээ.


Хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалгаа хийх явцдаа жуулчны нэгэн завь байгалийн тогтоцоос ердөө 19 метрийн зайд зогссон байхыг ажиглажээ. Тэд хадан дээр гүн ан цавууд гарсныг илрүүлсэн бөгөөд хадыг хамгаалах арга хэмжээг нэн даруй авахгүй бол нурж болзошгүйг анхааруулсан байна.


“Хад нурах эрсдэлтэй байгаа нь далайн татлагын үеэр жуулчдад харагдана. Усны түвшин багасах үед аажмаар элэгдэж буй хадны тулгуур хэсэг ил гарч ирэх бөгөөд байгалийн тогтоцыг хамгаалах, хүчитгэх арга хэмжээг яаралтай авахгүй бол нурах эрсдэлтэй” гэж Хо Тиен Чунг ярилаа.


Халонг булангийн жижиг арлууд элэгдэлд өртсөөр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жуулчдын сонирхлыг татдаг өөр хэд хэдэн газар далайн хүчтэй давлагаанд өртөн ноцтой гэмтсэн байна. Энэ мэт үр дагаврыг арилгахын тулд булангаар зорчиж буй завины хурдыг 5-10 км/цаг болгон хязгаарлах зэрэг шинэ журам гаргахыг мэргэжилтнүүд эрх баригчдад хандан уриалжээ. Мөн хадны эргэн тойронд загасчлахгүй байхыг нутгийн иргэдэд уриалж, хагарлыг багасгахын тулд хадны завсрыг цементэлж, суурийг нь хүчитгэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна.

 



Холбоотой мэдээ