“Фүкүшима”-гийн ойролцоогоос барьсан загасны дээжээс цацраг идэвхт бодис илрээгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-27 13:56:34

ТОКИО. /Kyodo/. Цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг энэ долоо хоногт далайд асгаж эхэлснээс хойш “Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦС/ ойролцоогоос барьсан загасны эхний дээжээс илрүүлж болох хэмжээний тритий илрээгүй гэж Японы Засгийн газар бямба гарагт мэдэгдэв. 


НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага усыг далайд асгах ажиллагааг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцсэн гэж мэдэгдсэн юм. Харин байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар орон нутгийн загасчид болон хөрш зэргэлдээх зарим орны зүгээс санаа зовниж буйгаа илэрхийлж байсан боловч тэдгээрийг үл харгалзан пүрэв гаргаас усыг далайд асгаж эхэлсэн юм.


Загасны дээжийг баасан гарагт “Фүкүшима-1” цогцолборын ус зайлуулах цэгийн эргэн тойрны 5 км-ийн бүсээс цуглуулсан гэж Загас агнуурын агентлаг цахим хуудсандаа мэдээлжээ. АЦС-д хуримтлагдсан усыг эвдэрсэн хөдөлгүүрүүдийг хөргөхөд ашигладаг байсан бөгөөд тритийгээс бусад ихэнх цацраг идэвхт бодисыг гадагшлуулсан байна.


Улмаар үлдсэн тритийг Японы аюулгүй байдлын стандартын дагуу зөвшөөрөгдсөн агууламжийн 1/40 хүртэл шингэрүүлж, 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас сүйрсэн АЦС-аас 1 км-ийн зайд байрлах усан доорх хоолойгоор Номхон далайд цутгаж байгаа юм.


Загас агнуурын агентлагийн мэргэжилтнүүд сар орчмын хугацаанд өдөр бүр загасны дээжийг цуглуулан шинжилж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Байгаль орчны яам мөн станцын эргэн тойрны 50 км-ийн бүсээс цуглуулсан дээжийнхээ дүнг ням гарагт танилцуулах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ