Дорноговь: Хоёр түмэн адууны баяр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Хоёр түмэн адууны баяр, “Тайжийн хурд-2023” аймгийн зүүн бүсийн хурдан морины уралдаан энэ оны наймдугаар сарын 06-наас 07-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд боллоо.
Дэлгэрэх сум энэ жил 20 мянган адуу тоолуулж хоёр түмэн адууны баяраараа азарга, их нас, соёолон, хязаалан насны морьд болон жороо морьд уралдуулж аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээн, Галсан баньд, Дэндэв тайж, будангууд угшлын шилмэл гүүнүүдийн үзэсгэлэн, морины эдлэл хэрэглэл үзэсгэлэн, гэрэл зургийн үзэсгэлэн, хос морьтон шалгаруулах тэмцээн, “Их говийн эгшиглэн” Дорноговь аймгийн манлай дуучдын нэгдсэн тоглолтыг зохион байгуулсан юм.
Эл наадмыг Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газар,
“Тайжийн хурд” Морин спорт, уяачдын холбоо, аймаг сумын адуучдын холбоо хамтран
зохион байгуулжээ.
Тайж, баньд адуу нь
Монголын 13 хурдан угшлын хоёр нь бөгөөд 1940-өөд онд Хэнтий аймгийн наадамд Дэндэв
тайжийн Хээр морийг Хөх Цэрэн гэдэг хүн уяж түрүүлгэж байсан бол 1938 онд Галсан
бандийн Хүүхэн цагаан азарга мөн л Хэнтий аймгийн наадамд түрүүлж байжээ.
Дэлгэрэх сум эрт дээр үеэс эрдэмт мэргэн
уяачид, хурдан хурц хүлэг морьдоороо улсдаа алдартай аж. Монгол Улсын Манлай
Уяач Гүнширийн Дамба, Монгол Улсын Алдарт Уяач
“торгон” хэмээх Цагааны Дашням, Тогоочийн Нямбуу зэрэг алдар цуутай болон
энэ цаг үед удамт хурдан хүлгүүдээ уяж сойж түмэн олноо баясгаж яваа аймгийн алдарт уяач Шаравын Энхтүвшин,
Хоролын Гантулга, Баатарын Ганболд, Дүгэржанцангийн Намжилдорж, Мягмарын
Ууганбаяр, Мягмарын Билэгбаяр, Таяагийн Баярсайхан, Ренчингийн Буяндэлгэр,
Надмидын Эрдэнэбаатар болон морь уях
эрдэмт шамдан өсөн дэвжиж яваа олон залуу уяачид байдаг гэж нутгийн уяачид ярив.