ДОРНОД: Нутгийн хөрсөнд тарьж ургуулсан алим гурван жилийн дараа худалдаанд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-30 20:49:46

Чойбалсан /МОНЦАМЭ/. “Өөрөө үр жимсийг нь идэхгүй ч үр хойчдоо алимны мод тарь” гэдэг Орос ардын үг бий.

Дуламын Сэргэлэнбаатар гэх энэ залуу зургаан жилийн өмнө том хүүгээ төрөхөд жимсний мод тарихаар шийдэж, Сибирийн эрс тэс нөхцөлд ургадаг модыг Дорноддоо нутагшуулсан байна. Гурван жилийн дараа буюу цар тахлын хөл хорионы үеэр тэдний гэр бүл өөрсдийн тарьж ургуулсан алим, чавгаа хурааж авчээ. Энэ намар л гэхэд зөвхөн хашаан дахь 40-өөд модноосоо 300 гаруй кг алим, чавга хурааж авсныхаа дээжээр орсон гарсныг дайлж сууна. Мөн хашаанд нь тоорын мод ч харагдана. Ганцхан ширхэг тоорын модноосоо 30 гаруй кг жимс хурааж авсан гээд сонсоход л арааны шүлс асгарам.  

Алимны мод 7 метр өндөр ургадаг. Нас биед хүрсэн нэг модноос 90-120 кг алим хурааж авах боломжтой. Харин эднийх хашаан дахь таван настай нэг модноосоо л гэхэд энэ намар 20 гаруй кг алим хураажээ.


Д.Сэргэлэнбаатар 2030 он гэхэд Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь 10 га газартаа таван мянган ширхэг алим, чавганы модтой цэцэрлэг буюу агропарк байгуулах төлөвлөгөөтэй. Энэ ажлаа ч хэдүйн эхлүүлж, талбай дээр нь одоогоор алимны 400 гаруй мод ургаж байна. Гурван жилийн дараа гэхэд Дорнодын зах зээлд нутгийн хөрсөнд тарьж ургуулсан алим, чавга худалдаанд гарч эхлэх нь ээ.


Алим чавганы модод сүүдэрлэсэн цэцэрлэгт гэр бүлүүд очиж, өөрсдөө жимсээ түүж, хүүхдүүд нь хөөцөлдөн тоглоосой гэж тэр хүсдэг. Бас бяцхан жаалуудад байгаль дэлхийн өгөөж, хөдөлмөрийн үр шимийн талаар танин мэдүүлж, ой тойнд нь суулгаж өгөхийг мөрөөддөг.

Ийнхүү төсөөлж буй цэцэрлэгийнхээ эх модыг одоогоор тарьж байна. Өөрөөр хэлбэл жимсний үрээр тарихаас илүүтэй эх нутгийн хөрсөнд дасан зохицож ургасан, таван настай модноосоо үрслүүлж тарихыг чухалчилж байгаа юм. Тиймээс жинхэнэ тариалалтаа 2026 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.


Түүний хувьд хашаа хороотой айлууд хэрэгцээний жимс ногоогоо өөрсдөө тарьж, орон сууцныхан нутгийнхаа хөрсөнд ургасан жимс ногоог худалдан авах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үздэг. Тэрээр өөрөө алим, чавганы мод тарихаас гадна хавар, намартаа цөөн тооны үрсэлгээ зах зээлд нийлүүлдэг. Түүнээс алимны модны үрсэлгээ авч, хашаандаа тарьсан айлууд ч үр жимсээ хурааж, ашиг шимийг нь хүртэж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд 800-гаад айлд алим, чавганы модны үрсэлгээ худалдан борлуулж, тэр бүрт зөвлөгөө өгч, туршлагаа хуваалцаж байна.


Д.Сэргэлэнбаатар таван мянган дагагчтай “Дорнод аймгийн алим, чавганы мод тариалагч” цахим хуудсыг хөтөлдөг. Энэхүү цахим хуудсаар зочлоход тун сонирхолтой мэдээлэл зөвлөгөөнүүд бий. Тухайлбал, айл бүр хашаандаа 3-5 ширхэг алимны модтой байхад л өрхийн хэрэгцээгээ бүрэн хангах талаар нийтэлжээ. Нэг алимны мод 70-80 жил насалдаг. Суулгаснаас хойш гурав дахь жилээсээ жимсээ өгдөг.

Түүний хувьд залгаа хийх технологиор алимны модоо ургуулж байна. Бага малыг төллүүлбэл давжаарна гэдэгтэй адил модыг хэтэрхий жижиг байхад нь жимсийг нь олон болгохыг зорьвол тухайн мод шим тэжээлийн дутагдалд орж давжаарах эрсдэлтэй тухай ч бичжээ.


Байгальд дасан зохицож ургаагүй, анхнаасаа агротехникийн аргаар ургуулж байгаа учраас энгийн гоёлын модыг бодвол арчилгаа тордолгой ихтэй аж. Шувууны сангас, малын өтөг бууцаар бордож,  хавар нахиагаа дэлгэж цэцэглэх үеэр нь сайтар арчилж хамгаалах ёстой. Хэдий олон цэцэг авч үлдэж чадна, төдий хэрийн алим жимс ургана аа л гэсэн үг. 

Холбоотой мэдээ