ДОРНОД: Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцах оюутнуудыг “Нутгийн ирээдүй” төсөлд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-30 21:15:48

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудыг 2019 оноос эхлэн "Нутгийн ирээдүй" төсөлд хамруулж, орон нутгаас сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж байна. Энэ намар 23 оюутныг дээрх төсөлд хамруулж, аймгийн Засаг дарга, тухайн сумын Засаг дарга, оюутан нар хариуцлагын гэрээг байгууллаа.  


Төсөлд хамрагдсан оюутнууд эхнээсээ ажлын талбарт гарчээ. Ноднин жилийн байдлаар 126 оюутан хамрагдсанаас 35 нь төгсөж, орон нутагтаа тогтвортой ажиллаж байгаа юм. Харин энэ онд хүний их эмч дөрөв, сувилагч гурав, нүүр ам судлалаар нэг, зүү төөнүүр заслын их эмчээр нэг, багшаар хоёр, малын их эмчээр нэг, газар зохион байгуулагчаар хоёр, сэтгэл судлаачаар хоёр гэхчлэн нэн шаардлагатай мэргэжлүүдээр суралцах гэж байна.


Аймгаас нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа хоёроос доошгүй жил, хоёр жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа гурваас доошгүй жил, гурав ба түүнээс дээш жил сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан бол тухайн сумандаа таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллахаар хариуцлагын гэрээнд тусгажээ.


Хөдөөгийн сумдад багш, хүний их эмч, шүдний эмч, сувилагч, тархвар судлаач, агрономич, геологи, геодезийн инженер, малын эмч, байгаль хамгаалагч, газар зохион байгуулагч, ус хангамж, ариутгах татуурга, дулааны инженер зэрэг мэргэжил нэн шаардлагатай байна.

Холбоотой мэдээ