Йоханнесбург хотод орон сууцны байшин шатсаны улмаас 74 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-09-01 08:16:07


ПРЕТОРИ. /ВВС/. ӨАБНУ-ын нийслэл Йоханнесбург хотын төв дэх 5 давхар барилгад гал түймэр гарсны улмаас 74 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа.    

 

Уг барилгад голдуу гэр оронгүй хүмүүс орогнож байсан бөгөөд амиа алдсан хүмүүсийн дотор 12 хүүхэд байсан ба 50 гаруй хүн түлэгдэж бэртсэн байна.

 

Эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса хэлэхдээ “энэ бол хотын төвийн хуучин байшин барилгуудын нөхцөл байдалд анхаарлаа хандуулах цаг болжээ гэдгийг бидэнд сануулж буй сургамж” гэлээ.

  

Inner city буюу хотын төвийн ядуусын хорололд орших уг хуучин байшин Йоханнесбург хотын захиргааны мэдэлд байдаг гэх боловч хувийн компанийн эзэмшилд аль хэдийнэ шилжсэн ажээ. Анхандаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг байрлуулах зорилгоор түүнийг ашиглаж байсан бол түрээсийн хугацаа дууссанаар эзэмшигчид ба хотын захиргаа хайхрахаа больсон байна.

 

Удалгүй хуучин байшингууд айлуудаар дүүрч, орон сууц ашигласны төлбөрийг нь элдэв гэмт хэргийн бүлэглэлийнхэн авах болов. Ус, ариун цэврийн өрөө, тог цахилгаан бараг байхгүй тэдгээр байшинд Африкийн бусад орнуудаас ирсэн бичиг баримтгүй цагаачид орогнох нь түгээмэл.

 

Ер нь, орон сууцны хомсдол бол ӨАБНУ-д маш хурцадмал асуудлуудын нэг бөгөөд Йоханнесбург хотод гэхэд 15 мянга орчим орон гэргүй хүмүүс амьдардаг ажээ.

 

“Бид энэ асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж, орон сууц, үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй арга замуудыг хайж олох ёстой” гэж Ерөнхийлөгч С.Рамафоса хэллээ.

 

Холбоотой мэдээ