Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдийн шигшээг эмэгтэй хүн дасгалжуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД. /Fox Sports/. Испанийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Хорхе Вилда-гийн оронд Монсе Томе ажиллана гэж тус улсын хөлбөмбөгийн холбоо /RFEF/ мягмар гарагт мэдэгдлээ.
Х.Вилдагийн
удирдлага дор сүүлийн таван жилийн турш туслах
дасгалжуулагчаар ажилласан М.Томе бол зодог тайлахаасаа өмнө клубт 10
жил тоглож, шигшээ багийн бүрэлдэхүүнд дөрвөн
тоглолтод оролцож байжээ.
Хэдийгээр Х.Вилда Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдийг дэлхийн аварга болгосон боловч түүнийг мягмар
гарагт шигшээгийн дасгалжуулагчаас чөлөөлсөн байна. Дасгалжуулагчаар ажиллаж байх үед нь буюу 2022 онд 15 тоглогч түүний эсрэг зарга мэдүүлж байсан ба тэднээс ердөө гурав нь ДАШТ-д оролцсон ажээ.
Түүнээс гадна Х.Вилда "үнсэлтийн хэрэгт" холбогдоод буй Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалесийг өнгөрсөн сард үг хэлж байх үед нь алга ташсан байна. Харин дараа нь тэрбээр Л.Рубиалесийн үйлдлийг буруутгажээ.
М.Томе-гийн удирдсан баг эхний тоглолтоо есдүгээр
сарын 22-нд УЕФА-гийн эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн лигт ФИФА-гийн чансааг тэргүүлж буй Шведийн багтай хийнэ. Дараа нь Испанийн шигшээ есдүгээр сарын 26-нд Швейцартай тоглох хуваарьтай.