ХӨВСГӨЛ: Мөнх хааны гэрэлт хөшөөг түүнийг амьд ахуйд урт наслахыг бэлгэдэн босгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-08 14:04:51

Мөрөн /МОНЦАМЭ/. “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Мөрөн хотод Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс Их хаадын ертөнц “Мөнх хаан” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.



Мөнх хааны үзэсгэлэнд түүний намтар, перс, хятад сурвалж дахь намтар, түүний удмынхан, Чингис хааны музейд байгаа Мөнх хааны гэрэлт хөшөөний гэрэл зураг зэргийг дэлгэн үзүүлж байна. Их Монгол Улсын 4 дэх их хаан Мөнх 1208 онд мэндэлжээ. Мөнх нь Чингис хааны отгон хөвүүн Тулуйн ууган хүү бөгөөд бага наснаасаа Өгэдэй хаантай ойр өсөж, эрдэм номд суралцан, дайн тулаанд оролцож байжээ.


Мөнх хааны гэрэлт хөшөөг 1953 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэрхаан уулын өвөр, Дэлгэр мөрөн голын хөвөөнд орших Алтангадас (Өтөг хулан) уулын араас Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн О.Намнандорж ахлагчтай хээрийн шинжилгээний ангийнхан олсон байна.


Мөнх хааны гэрэлт хөшөө нь 18 үгтэй гурван мөр монгол, түүнтэй зэрэгцсэн 12 мөр хятад бичээстэй. Монгол бичээс нь:

“Ургийн ургаар хэдэн хэдэн ноён та

Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс түгээ босгуулж

Хүндлэн анаа дабирагту буян хүртүгэй” гэжээ.


Судлаачид хятад бичээсийн 12 дахь мөрт “Улаагчин могой жилийн зуны сүүл сарын хорин тавны өдөр сүсэгт тавнан Ба Ли Ту, гүнж Исицзи нар дурсгал болгон босгуулав” хэмээн бичсэнийг үндэслэн уг гэрэлт хөшөөг 1257 онд буюу Мөнх хааныг амьд ахуйд урт наслахыг ерөөж босгосон гэж үздэг ажээ. 

 

Холбоотой мэдээ