Сагсан бөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-08 17:57:28

МАНИЛА. /Basketnews/. Азийн гурван улсад болж буй 2023 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд есдүгээр сарын 8-ны баасан гарагт болж, дөрвөн баг финалын эрхийн төлөө өрсөлдөнө.


Хүчтэй багуудын эхний тулаанд Серби есөн жил завсарласны дараа дэлхийн аваргын финалын шатанд эргэн ирж чадах уу, эсвэл Канад түүхэндээ анх удаагаа аваргын төлөөх тоглолтод оролцох уу гэдэг асуултын хариу тодорхой болно.


2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Сербийн шигшээ баг сүүлийн дөрвөн тэмцээнд гурав дахь удаагаа хагас шигшээд шалгараад байгаа нь энэ юм. Харин Канадын хувьд түүхэндээ анх удаа эхний дөрөвт шалгарсан түүхэн амжилт үзүүллээ. Сонирхуулахад, урьд нь энэ хоёр баг хоорондоо учраа таарч байгаагүй юм.


Дараагийн тоглолт нь олон улсын тавцанд хүчирхэг хоёр гүрний хооронд буюу АНУ-Германы шигшээ багуудын хооронд өрнөнө. Германчууд 2002 онд гуравдугаар байрт шалгарснаас хойш анх удаа хагас шигшээд шалгараад байна. Харин энэ хугацаанд дэлхийн таван удаагийн аварга АНУ-ын баг 15 дахь удаагаа шилдэг дөрөвт шалгарлаа. Түүхийн хуудсыг сөхвөл, германчууд АНУ-тай 1986, 2002, 2006 оны ДАШТ-д гурван удаа, нийтдээ зургаан удаа учраа таарахдаа ялж байсан удаагүй юм.



Холбоотой мэдээ