ХОВД: Багш нарын бага хуралд 300 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-09 17:16:00

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өнөөдөр "Боловсролын шинэ сэргэлт" уриа бүхий багш нарын бага хурал болж байна.


Ховд аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг гээд нийтдээ 67 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс их, дээд сургууль, коллежид 180 гаруй багш, ерөнхий боловсролын сургуульд 1107 багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 260 гаруй бүлгийн багш ажиллаж байна.  


Өнөөдөр "Боловсролын шинэ сэргэлт" багш нарын бага хуралд бүх шатны сургалтын байгууллагын төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.

Энэхүү хурлын зорилго нь Ховд аймгийн Боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, боловсролын шинэчлэл, сургалтын байгууллагын менежментийг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.

Багш нарын бага хурлын хүрээнд Боловсролын тухай ерөнхий хуулийн танилцуулга хийж, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах арга зүй, хүүхдийн хөгжил хамгаалал, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцож байна.  Үүнээс гадна хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, дижитал хэрэгслийн зохистой хэрэглээ зэрэг тодорхой сэдвээр мэргэжилтнүүд илтгэл мэдээлэл танилцууллаа.    

Холбоотой мэдээ