Долли хонийг хувилсан эрдэмтэн таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-12 11:14:03

ЛОНДОН. /BBC/. Долли хонийг гарган авах судалгааг удирдан явуулсан Британийн үр хөврөл судлаач Иэн Вилмут 79 насандаа таалал төгссөн тухай эрдэмтний ажиллаж байсан Эдинбургийн их сургууль мэдээлжээ. 


Их сургуулийн ректор Питер Матесон профессор Иэн Вилмут нас барсан тухай мэдээлэлд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.


Профессор Иэн Вилмут бол шинжлэх ухааны ертөнцийн титан байсан бөгөөд Эдинбургийн их сургуулийн харьяа Рослины хүрээлэнгийн багийг удирдаж, нас бие гүйцсэн амьтны эсийн цөмийг ашиглан анхны хөхтөн амьтныг гарган авсан юм.  Энэхүү нээлт нь өнөө үед регенератив анагаах ухааны (эндоген үүдэл эсийг идэвхжүүлэх эсвэл эс шилжүүлэн суулгах буюу эсийн эмчилгээ хийх аргаар өвчтэй эсвэл гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх) чиглэлээр хийсэн бусад олон судалгаанд түлхэц үзүүлсээр байна. 


Долли хонь 1996 оны долоодугаар сарын 5-нд гарсан бөгөөд өндгөн эсийн цитопламзмд соматик эсийн цөмийг шилжүүлэн суулгах аргаар хувилсан анхны амьтан юм. Долли 6.5 жил амьдарч, 6 удаа хургалжээ. 2003 онд Доллид өвчний улмаас унтуулах тариа хийжээ. 


Иэн Вилмутад шинжлэх ухаанд оруулсан гавьяаг нь үнэлж, 2008 онд рыцарийн цол хүртээсэн байна.


Холбоотой мэдээ