Дэлхийн хамгийн их хор хөнөөлтэй галт шоргоолж Европ даяар тархах аюул нүүрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-12 13:48:51

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн хамгийн хурдан тархдаг, устгахад хэцүү амьтдын нэг болох галт шоргоолж Европ даяар тархах аюул нүүрлээд байгааг шинэ судалгаагаар тогтоожээ.


Solenopsis invicta хэмээх шинжлэх ухааны нэртэй энэ шоргоолжны "төрөлх орон" нь Өмнөд Америк боловч өнгөрсөн зуунд АНУ-ын ихэнх хэсэг, Мексик, Карибын тэнгисийн арлууд, Хятад, Австралид тархсан байна. 


Галт шоргоолж нь газар тариалан болон тухайн нутгийн экосистемийг сүйтгэдэг, хазуулсан тохиолдолд гүвдрүү үүсэж, загатнадаг аж.


Судлаачид Италийн Сицил арлын Сиракуз хотын ойролцоох таван га талбайгаас галт шоргоолжны 88 үүр илрүүлжээ.


“Solenopsis invicta" бол хамгийн аюултай түрэмгий амьтдын нэг бөгөөд маш хурдан тархдаг. Италиас энэ шоргоолжийг олсон нь гайшралд оруулсан ч бид ийм өдөр ирнэ гэдгийг мэдэж байсан” гэж Испанийн хувьслын биологийн хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Маттиа Менчетти мэдэгдсэн байна. 


Галт шоргоолжийг Испани, Финланд, Нидерландын импортын бүтээгдэхүүнээс илрүүлсэн боловч шоргоолжны сүрэг үүссэн эсэх нь батлагдаагүй байсныг судлаачид хэлжээ.


Шоргоолжны сүргийг Сиракуз хотын ойролцоогоос илрүүлсэн бөгөөд галт шоргоолжнууд хэзээ, хэрхэн ирсэн нь тодорхойгүй байгаа аж. 2019 оноос хойш галт шоргоолжинд хазуулах тохиолдол нэмэгдсэн гэж нутгийн иргэд эрдэмтдэд мэдээлжээ.


Далайн боомт байрладаг Сиракуз хотын баруун хойд хэсгээс нисдэг хатан шоргоолж салхиар зөөвөрлөгдөн ирсэн байж магадгүйг судалгаа харуулсан байна.


Шоргоолжны генийн шинжилгээгээр энэ шавж АНУ эсвэл Хятадаас тархсан байх магадлалтай болох нь тогтоогджээ.


Барселона, Ром, Лондон, Парис зэрэг томоохон хотуудыг оруулаад тус тивийн 7 хувь нь галт шоргоолжны амьдрах орчинд тохирсон уур амьсгалтай тул уг шоргоолж удахгүй Европ даяар тархаж болзошгүйг судлаачид анхааруулсан байна. 


Судалгааны талаарх өгүүлэл “Current Biology сэтгүүлд даваа гарагт нийтлэгдсэн байна.

Холбоотой мэдээ