“Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөрийн 13 оюутанд тэтгэлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-09-12 15:34:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" хөтөлбөрөөр элсэн суралцагсдад зориулсан тэтгэлгийг 13 оюутанд олголоо. 


Энэхүү тэтгэлгийг НҮБХХ-ийн "Монголын тогтвортой ноолуурын платформ", ЕХ-ны "Монголд Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүд санхүүжүүлжээ.


ЭЕШ-ын оноо, сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш, мэргэжлийн онцлогийг тусгасан эсээ зэргийг үндэслэн эдгээр оюутныг шалгаруулсан байна.


Монгол дахь НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлэхдээ, “Монгол Улс түүхий ноолуур нийлүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Гэвч нийт ноос ноолуурынхаа 20 орчим хувийг боловсруулсан бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа нь харамсалтай. Монгол Улсын ноолуурын салбарыг тогтвортой байдлаар хөгжүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Түүний нэг нь хүний нөөцийн асуудал юм. Ийм болохоор энэхүү хөтөлбөрт тэнцсэн оюутан залуусын өмнө маш том хариуцлага тавигдаж байгаа. Монголчуудыг  мэдээллийн технологийн салбарт гарамгай мэдлэг чадвартай гэдгийг мэднэ. Ийм мундаг залуучууд бол энэхүү мэргэжлээр ажрахгүй суралцаад салбартаа тэргүүний мэргэжилтэн болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.


Тэтгэлэгт хамрагдсан Говь компанийн ажилтан Н.Эрдэнэгэрэл, “Энэхүү тэтгэлэгт хамрагдах болсондоо маш их баяртай байна. Би Говь компанид таван жил ажилласан. Цаашдаа өөрийгөө илүү хөгжүүлье, ихийг сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзлэлээр энэ сургуулийг сонгон хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа” гэлээ.


ХХААХҮЯ-ны гаргасан судалгаагаар,  ноос ноолуур боловсруулах салбарт жилд 250 гаруй хүний орон тоо  хэрэгтэй. Гэвч энэ салбарыг сонгон суралцаж байгаа хүмүүс 10-аас доош хувийг эзэлж  байгаа аж.

Энэхүү тэтгэлгийг 2022  оноос эхлэн зарлаж хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа аж. 

Холбоотой мэдээ