“Apple” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2023-09-12 17:15:02

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Apple” компанийн хувьд оны хамгийн чухал үйл явдал болох шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг уламжлал ёсоор Калифорни муж улсын Купертино хот дахь төв байрандаа өнөөдөр буюу мягмар гарагт зохион байгуулах гэж байна.


Шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахдаа Apple”-ийн удирдлагуудыг оролцуулан урьдчилан бичсэн дүрс бичлэгийг үзүүлж, “YouTube” болон компанийн цахим хуудсаараа цацна. Өнгөрсөн жилийн танилцуулга нэг цаг хагасын турш үргэлжилжээ. Тус компани бүтээгдэхүүнээ танилцуулахдаа урьдчилан бичсэн дүрс бичлэгийг 2020 оноос эхлэн ашиглах болсон юм.


Apple”-ийн хувьд шинэ бүтээгдэхүүний танилцуулга нь ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд сурталчлан таниулахаас гадна жилийн хамгийн өндөр борлуулалттай үе болох 12 дугаар сарын баярын улирлыг угтсан маркетингийн ажлын эхлэлийг тавьдаг. Өнгөрсөн жилийн танилцуулах арга хэмжээг “YouTube”-ээс 31 сая хүн үзсэн нь хэрэглэгчид компаниас мэдээллийг шууд авах хүсэлтэй хэвээр байгааг харуулжээ.


Технологийн аварга компани энэ жил шинэ “iPhone” гар утаснуудаа танилцуулснаар борлуулалтын уналтыг зогсоохын зэрэгцээ “Huawei” компанийн өрсөлдөөнийг няцааж, “Android” үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдийг сонголтоо өөрчлөхөд хүргэнэ гэж найдаж байна.


Apple” мөн “Vision Pro” хэмээх виртуал бодит байдлын шинэ төхөөрөмжөө энэ оны зургаадугаар сард танилцуулсан билээ. Уг төхөөрөмжийг 2024 онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. Харин энэ удаад хөгжүүлэгчдийн анхаарлыг татахын тулд шинэ мэдээлэл өгч магадгүй боловч энэхүү бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх оныг хүртэл дэлгэхгүй бололтой. 


Түүнчлэн “Apple”-ийн “Mac”, “iPad”-ын шинэ загваруудыг танилцуулах магадлал бага байна. Учир нь компанийн зүгээс ийм бүтээгдэхүүнүүдээ танилцуулахдаа тусад нь арга хэмжээ зохион байгуулахыг илүүд үздэг.


Өнгөрсөн онд “Apple” есдүгээр сарын арга хэмжээнийхээ үеэр шинэ “Apple Watch” цаг, “AirPod” чихэвчийг танилцуулж байсан билээ. 

Холбоотой мэдээ