ХӨВСГӨЛ: Жилд 240 тэрбум төгрөгийн мах зах зээлд нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-13 10:34:35

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, гарал үүсэл нь тодорхой, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр хэрэглэгчдэд шууд нийлүүлэх, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийг зохион байгуулж байна.



“Тус аймаг 2022 онд 6.3 сая толгой мал тоолуулж улсдаа малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн. Ямаан сүргийн тоогоор улсад нэгдүгээрт ордог, жилд 1.5 -1.8 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 240 тэрбум төгрөгийн мах зах зээлд нийлүүлдэг. Хөвсгөл аймагт мал аж ахуйн салбар орлогоороо тэргүүлдэг” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав онцолж байлаа.



 

Хөвсгөл аймаг мал аж ахуйн эдийн засагт суурилсан аймаг бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гаднын зах зээлд түүхий эдийг нийлүүлж ашиг орлого олохын тулд “Органик мал аж ахуйтай аймаг” болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.


Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг нээх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх стратегийн зорилтыг ханган цаашдын бодлого шийдвэртээ нарийвчлан тусгахыг зорьж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ