ДУНДГОВЬ: "Адуучны өв соёл" баярт оролцогчид болон сонирхогчид нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Сүм хөх бүрд хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн, түүх соёлын дурсгалт газарт нүүдэлчин түмний адууны өв соёлыг нэгэн дор харуулсан “Адуучны өв соёл” цогц үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Монгол адууны өв соёл, адуучин түмний аж амьдралыг сурталчлах, түгээх энэхүү үйл ажиллагааг Дундговь аймаг аялал жуулчлалын брэнд болгохоор зорьж буй. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн 72 адуучин залуу оролцож, гадаад, дотоодын 700 гаруй хүн ирж үзэж сонирхсон нь өнгөрсөн баяруудаас илүү өргөн болж, оролцогчдын тоо нэмэгдэн хүрээгээ тэлсэн байна.
Энэ үеэр унага уях, гүү саах, унага уралдуулах зэрэг зан заншлыг харуулж, “Сайхан хос морьтон”, “Сайхан хөхүүр”, “Сайхан айраг”, “Сайхан хөхүүр хийдэг өвлөн уламжлагч”-ийг шалгаруулсан бөгөөд адуучин залуусын адуу маллах ёс заншлыг харуулсан “Адуучин” болон айраг уух, дэмбээ наадаан, хуруу барих зэрэг тэмцээн зохион байгууллаа.
“Адуучин” тэмцээнд Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн 72 адуучин залуус оролцож, авхаалж, самбаа сорьсноос Адаацаг сумын оролцогч О.Оргилболд түрүүлж, Сайнцагаан сумаас оролцсон Н.Жамбалдорж, Эрдэнэдалай сумын оролцогч Баяржавхлан нар удаах байрт шалгарч, Дэрэн сумын Г.Мягмаржав, Цагаандэлгэр сумын А.Дагвасүрэн нар тусгай байрын эзэд болжээ.
Шилдэг дэмбээчин шалгаруулах тэмцээнд 64 дэмбээчин
оролцсоноос Адаацаг сумын оролцогч Х.Доржхорол түрүүлж, Дэрэн сумын
Б.Пүрэвжаргал, Эрдэнэдалай сумын С.Бөхбат нар
удаалсан. Харин
Сайхан айрагтай өрх шалгаруулахад 24 айл айргаа
сөгнөснөөс Адаацаг сумын малчин О.Гансүхийн айраг “Шилдэг болж, Дэрэн сумын
малчин Л.Эрдэнэ-Очир, Адаацаг сумын
малчин Ш.Энх-Амгалан нарын айраг шал даран оролцогчдын таашаал хүртлээ.
Айраг уух тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг ба энэ
жилийн тэмцээнд 18 эрэгтэй, 9 эмэгтэй оролцжээ. Аймгийн 13 удаагийн аварга, Адаацаг
сумын оролцогч Г.Оч-Эрдэнэ өнгөрсөн жил 2,5 литр айраг уун түрүүлж байсан бол
энэ жил 2,8 литр айраг уун мөн “аварга” болсон юм. Харин эмэгтэйчүүдээс Дэлгэрхангай
сумын оролцогч О.Цэнгэлмаа 2,1 литр айраг уун түрүүлжээ.
Сайхан хос морьтон шалгаруулах тэмцээнд Эрдэнэдалай сумын
оролцогч Ө.Батсуурийн гэр бүл түрүүлж, Адаацаг сумын оролцогч Б.Мөнхболд, Дэлгэрцогт
сумын оролцогч С.Цэрэндорж, Эрдэнэдалай сумын оролцогч Анхбаяр нарын гэр бүл удаах байруудад шалгарчээ.
Сүүлийн жилүүдэд хөдөөд хөхүүрийн айраг ховордож, малчид айраг исгэх болон сүү саалиндаа зориулалтын бус хуванцар савыг ашигладаг болсон. Айргийг ширэн хөхүүр, модон хувингийн алинд ч исгэж болох боловч хөхүүрт исгэсэн айраг нь илүү амт чанартай, хүний биед ашигтай байдаг хэмээн хашир туршлагатай малчид ярьдаг. Тиймээс хөхүүрт айргаа исгэх өв соёлоо сэргээхийн тулд энэ удаа “Сайхан хөхүүр” шалгаруулж, малчид хөхүүрээ авчран оролцжээ.
Хамгийн
“Сайхан хөхүүр”-ээр Эрдэнэдалай сумын малчин
С.Мөнхбаатарын хөхүүр шалгарсан бол Сайхан-Овоо сумын малчин Г.Баатарчулуун, Дэлгэрцогт
сумын малчин С.Жаргалсайхан нарын хөхүүр удаалж, Сайнцагаан сумын малчин Гунгаадоржийн
хөхүүр “тусгай байр” эзэлсэн байна.
“Дуу хуур-Өв соёлын өлгий” Дундговь аймгийн ЗДТГ, холбогдох бусад байгууллага хамтран намрын налгар энэ өдрүүдэд адууны өв соёл, адуучин түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан баярын үйл ажиллагааг ийнхүү 3 дахь жилдээ зохион байгууллаа.