“Чингэлтэйн номын баяр-2023”-ыг анх удаа зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-13 16:34:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн цогцолбороос “Чингэлтэй номын баяр-2023” үйл ажиллагааг Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохиож байгуулж байна.


Тус цогцолбороос Үндэсний номын баярыг угтан, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэмжлэгээр дүүргийнхээ номын баярыг анх удаа зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагаанд Монголын зохиолчдын эвлэл, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Ворлд Шэйр” ОУТББ, ADRF Mongоlia зэрэг төрийн болон ТББ, ном хэвлэн нийтлэгч, зохиолчдын төлөөлөл оролцож, уншигч хүүхэд залууст үйл ажиллагаа, уран бүтээлээ сурталчиллаа.



Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолборын дарга Б.Болортунгалаг энэ үеэр ярихдаа, “Номын баяр нь хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн шүлэг, яруу найраг, утга зохиолыг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулан унших, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд чиглэж байгаа. Хамтран ажиллагч байгууллагууд, номын дэлгүүрүүд тодорхой хувийн хөнгөлттэй үнээр үйлчилж байна. Дүүргийн ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд цагийн хуваарийн дагуу номын баярт оролцож байна. Номын баярт дүүрэг харгалзахгүй, бүх хүн оролцох боломжтой” гэв.


Тус номын баярт уран бичлэгийн уралдаан, амьтны үр төл, таван хошуу малыг хэн сайн мэдэх вэ /3-5нас/ танин мэдэхүйн тэмцээн, урлагийн үзүүлбэрүүд зохион байгуулж байна. Мөн задгай талбайд “Street food”, кофе шоп, 360 градус камер байрлуулсан байлаа.

                                                Т.Амаржаргал

Холбоотой мэдээ