ХӨВСГӨЛ: Шилмэл малын үзэсгэлэн худалдааны эхний өдөр 3,2 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-14 13:23:43

Мөрөн /МОНЦАМЭ/. “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөгийн үеэр гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа болж, эхний өдөр 302 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.



Тус үзэсгэлэн худалдаанд 6 сумаас баталгаажсан Дархад үүлдрийн хонь, Цагаан-Уул үүлдрийн хонь, Эрчим хар үүлдрийн ямаа, Монгол үүлдрийн хонь, Сэлэнгэ герефорд үүлдрийн үнээ, бух зэрэг 68 толгой малтай оролцлоо.


Энэ үеэр Цагаан-Уул үүлдрийн хуц 500000, Дархад үүлдрийн хуц 350000, Сэлэнгэ герефорд үүлдрийн үнээ 2 сая, бух 8 сая төгрөгийн үнээр борлуулж байв.



Төмөрбулаг сумын малчин Б.Баяраагийн Эрчим хар үүлдрийн 603636 хувийн дугаартай нас гүйцсэн ухна



Хөдөөгийн шийдэл ОНӨХХК-ийн Герефорд үүлдрийн улаан халзан бух,



Алаг-Эрдэнэ сумын малчин О.Чинбатын Монгол үүлдрийн бор зүсмийн нас гүйцсэн сарлагийн бух, Төмөрбулаг сумын  малчин Д.Батмягмарын Эрчим хар үүлдрийн өсвөр хээлтүүлэгч шилдгүүдээр шалгарсан байна.



Хөвсгөл аймаг 21914 малчин, мал бүхий өрхөд 6,2 сая толгой мал тоолуулж улсдаа малын тоогоор тэргүүлсээр байгаа төдийгүй хамгийн олон үүлдэр, омгийн малтай юм.



Хөвсгөл аймгийн байгаль, цаг уур, бэлчээрийн маллагаанд онцгой зохицсон нутгийн малыг өөр дотор нь цэврээр сонгон үржүүлэх уламжлалт арга технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг олон арван жил тасралтгүй явуулж иржээ.



Үүний үр дүнд бие даасан уналга, эдэлгээ, хурдны чиглэлийн Тэс үүлдрийн адуу, уналга, эдэлгээ  мах чиглэлийн Дархад омгийн цагаан адуу, мах, өөх, бүдүүвтэр ноосны Дархад, Цагаан-Уул үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн Эрчим хар үүлдрийн ямааг тус тус үүлдрээр батлуулсан байна.  



Мөн Шинэ-Хөдөө төслийн хүрээнд 2020 оноос Сэлэнгэ үүлдрийн 510 толгой үржлийн үхрийг авчирч, үхэр сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэхээр малчдад түрээсээр олгожээ.

 

Холбоотой мэдээ