Дорнод Хятадын тэнгист далайн судалгааны 100 метр өндөр цамхаг суурилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-14 16:25:25

ХОНКОНГ. /SCMP/.  Хятадын мэргэжилтнүүд 100 гаруй метрийн өндөртэй, 4500 гаруй тонн жинтэй далайн ажиглалтын шинэ байгууламжийг барина. “Тунжи Хай-1” хэмээх энэхүү цамхгийг энэ сарын дундуур Дорнод Хятадын тэнгист суурилуулна гэж “SCMP” сонин лхагва гарагт мэдээлжээ.


Уг цамхаг нь дэлхийн агаар мандал, усан мандал, чулуун мандалын талаар судалгааны мэдээлэл цуглуулах бөгөөд тэдгээр өгөгдлийг шинжлэх ухааны иж бүрэн судалгаанд ашиглана.


“CNOOC Engineering” компанитай байгуулсан гэрээний дагуу, цамхагт 66 төрлийн 195 багц өндөр нарийвчлалтай гурван хэмжээст ажиглалтын төхөөрөмж суурилуулах аж. Энэ төхөөрөмжүүд нь байгаль орчны мэдээллийг тасралтгүй хянаж, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаанд чухал ач холбогдолтой далай тэнгисийн мэдээллийн сан бий болгон, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх систем болон ажиллах юм. 


CNOOC Engineering-ийн төслийн менежер Хуй Шэнли хэлэхдээ, “Тунжи Хай-1” нь одоогийн байдлаар ажиллаж буй Хятадын далайн байгууламжуудаас хамгийн олон тооны хяналтын мэдрэгчтэйэрсдэлийн цахим хяналт, засвар үйлчилгээний  "ухаалаг" төхөөрөмжтэй ажиглалтын цамхаг юм гэлээ.


Түүнчлэн уг цамхаг нь Хятадын далайн эрхийг хамгаалах, далай дахь эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Тус улс Дорнод Хятадын тэнгист Япон улстай маргаантай байдаг.

Холбоотой мэдээ