ЗАВХАН: Самрыг их хэмжээгээр түүж борлуулах боломжгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай /МОНЦАМЭ/. Тус
аймагт хууль бус самар бэлтгэх, түүх, зарж борлуулах хэрэг албан ёсоор бүртгэгдээгүй байна.
Гэсэн хэдий ч зах, худалдааны төвүүдээр самрыг бага хэмжээгээр зарж борлуулж байгаа цөөн тооны иргэд байна. Завхан аймагт самрыг хэдэн тонноор нь буюу их хэмжээгээр бэлтгэх, түүх, худалдан борлуулах хэрэг бүртгэгдээгүй.
Учир нь аймгийн ойн сангийн маш бага газарт
буюу Архангай, Хөвсгөл аймагтай хил залгаа ойн бүс нутагт самар жил өнжиж
ургадаг онцлогтой юм. Тиймээс самрыг их хэмжээгээр түүх, худалдан борлуулах боломжгүй
юм. Гэсэн хэдий ч самрыг болц нь гүйцээгүй байхад модыг нь гэмтээж их
хэмжээгээр түүхгүй байхыг сануулж нөлөөллийн ажлыг иргэдэд тогтмол өгдөг юм.
Хушны самар түүж бэлтгэхэд гаргасан зөрчилд хүлээлгэх хариуцлага гэж бий.
Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.9 заалтаар зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”
гэсэн заалтын дагуу
хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд
заасан байдаг гэж аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал
хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Нямтулга мэдээлэв.
Наймдугаар cap дундаа оров уу үгүй юу түүхий боргоцой гудамжаар зарж борлуулах хүмүүсийн тоо эрс өсдөг. Гэвч самар бүрэн боловсрох цаг хараахан болоогүй.
Угтаа бол хушны самар аравдугаар сарын дундуур бүрэн боловсордог аж.
Гэтэл Завхан аймгийн зах худалдааны төвд цайруулсан самрыг нэг кг нь 15 мянган төгрөг, харин боргоцой нэг ширхэг нь 1000-1500 төгрөгийн үнэтэй борлуулж байна.
Ташрамд, тус аймагт бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн
тоон үзүүлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд жил тутамд өссөн
үзүүлэлттэй.
Тухайлбал, 2018 онд нийт 12 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо жил бүр өссөөр 2022 онд 53 бүртгэгдсэн, хууль бусаар арц түүх гэмт хэрэг сүүлийн гурван жилд гэхэд 25 хэрэг бүртгэгджээ.