АРХАНГАЙ: "Бидний бахархал" төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-15 17:22:21

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Архангай аймагт БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит талбайд ёслол төгөлдөр боллоо.




Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид Цэргийн ёслолын жагсаалаар алхаж, Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, 032, 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд, хүүхэд залуучуудад сонирхуулсан юм.


Мөн ҮБХИС, "Бөртэ" ТӨААТҮГ, "Алдар" спорт хороо, Монгол цэргийн музейн үзэсгэлэнг дэлгэж, Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа, "Соёмбо" редакц гэрэл зургийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, хүүхэд багачуудын дунд "Зураг зуръя" гар зургийн уралдааныг зохион байгууллаа.




Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймгийн иргэдэд хандан “Монгол Улсын иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх нь Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавих, монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг бий болгох суурь үндэс болдог.

Өнөөдрийн энэхүү үйл аэжилагаа нь үүнтэй нягт уялдаж, Батлан хамгаалах салбараас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахаас гадна иргэд, хүүхэд, залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, үнэ цэнийг ухааруулах, эх орноо хайрлан хамгаалах, эх орон, эх хэл, үндэсний түүх, соёл, уламжлалаараа бахархах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх гүн утга учир бүхий зорилго агуулж байгаа юм” хэмээн онцоллоо.




Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Байгалийн үзэсгэлэн цогцолж, уул ус хосолсон Арын сайхан хангай нутгаас маршал Г.Дэмид жанжнаас авахуулаад олон арван төр, нийгэм, цэргийн зүтгэлтэн, үе үеийн эх орончид төрөн гарсан байдаг. Эртний төрт улсуудын буурийг сахисан үүх, түүхтэй нутагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлье” гэв.



Холбоотой мэдээ