ТӨВ: "Номын баяр-2023"-т 1000 гаруй хүүхэд хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод /МОНЦАМЭ/. Үндэсний “Номын баяр”-ыг улс орон даяар 34 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэхүү баярын хүрээнд Төв аймаг олон төрлийн ажлуудыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны
талаар Төв аймгийн Нийтийн номын сангийн дарга Б.Зоригтбаатараас тодруулбал,
-Энэ жил бид Номын баярыг нэг өдөрт тэмдэглэн өнгөрүүлэлгүйгээр, 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдийн хооронд ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Тус ажлуудаас дурдвал, энэ сарын 13-ны өдрөөс Номын сангийн их танхимд ном болон сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргав. Энэ жил 100 баримт цуврал хамгийн эрэлт өндөртэй ном байсан бөгөөд уг цувралыг болон шинэ номын үзэсгэлэнг дэлгэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг номын сантай танилцуулах, номын талаар яриа өрнүүлэх, сонсдог ном унших зэргээр “Номын сангийн аялал”-ыг зохион байгуулав. Мөн уншигч иргэдийн дунд 20 номын хожил тэмцээнийг зохион байгуулж, номын хэлэлцүүлгийг өрнүүлэн “Үлгэрээр хүмүүжүүлье”, “Кино өдөр”-ийг бага насныханд зориулан зохион байгууллаа.
Түүнчлэн АХА танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, өртөөчилсөн аяллаар сургуулиудтай хамтран, хүүхдүүд өөрсдийн оролцоог хангаж ажилласнаараа онцлог байв.
Мөн Нийтийн номын сангийн дэргэдэх "Ертөнц" номын клубээс ХЦДС-ийн 3 бүлгийн 132 сурагчийг хамруулан өгүүллэг сонсгож хүүхэд бүрд төрсөн сэтгэгдлийг нь зургаар илэрхийлүүлэн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд нийт 1000 гаруй хүүхэд хамрагдаад байна гэв.