Засаг даргын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл” байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-18 18:48:55
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл” байгуулахаар боллоо. Засаг даргын санаачилгаар хийсэн “Эрдэмтдийн уулзалт”-ын үеэр ийм шийдэлд хүрчээ. 

Тус аймагт шинжлэх ухааны гурав, боловсролын 50 доктор байдаг юм. Эрдэмтэн, докторуудын уулзалтын гол зорилго нь “Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т эрдэмтэн, докторуудын саналыг тусгахад оршиж байгаа юм.

Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан дээрх уулзалтад 26 эрдэмтэн ирсэн бөгөөд тэд юуны өмнө “Судалгааны нэгдсэн төв” байгуулах, боловсруулах үйлдвэрлэлийг каластерийн системээр хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн өмчит үйлдвэр байгуулах зэрэг саналыг мөрийн хөтөлбөртөө тусгах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хаалт, хөгжлийн менежмент”-ийг орон нутгийн стратеги, төлөвлөгөөтэй уялдуулах, боловсролын салбарт тэр тусмаа Хүний хөгжлийн сургалт, судалгаа, бодлого хөтөлбөрийг яаралтай гаргах хэрэгтэй гэв.

Мөн “Орхон аймаг оюуны өндөр чадамжтай аймгаар байнга тодордог. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс харагддаг. Сурагчдын дүнг 21 аймгаар жагсаахад Орхон аймаг байнга тэргүүлдэг” гэж доктор Д.Давааням хэллээ.  Энэ нь оюуны нөөц, чадамжтай байгаагийн илрэл гэв. Энэ мэт доктор бүр өөрсдийн саналаа хэлсэний дараа Засаг даргын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл” байгуулахаар боллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ