Ц.Ганболдын “Шувуу зүүрмэглэх зуур” тууж “Онцлох ном”-оор шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2023-09-16 19:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 34 дэх удаагийн Үндэсний номын баярын нээлтийн үеэр энэ жилийн Мэргэн ном” цомын эздийг зарлалаа.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагналын эздийг тодруулан шагнадаг уламжлалтай болсон. Энэ шагналыг Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан гурван эрхэмд жил бүрийн намрын “Номын баяр”-аар гардуулдаг юм. Энэ жилийн “Мэргэн ном” шагналын “Номын ертөнцийн гавьяатан”-аар Төрийн шагналт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийг тодрууллаа. “Онцлох ном”-оор зохиолч Цэвэгжавын Ганболд “Шувуу зүүрмэглэх зуур” тууж шалгарч, “Шилдэг уншигч” шагналыг утга зохиол судлаач Балдоржийн Алтанхуяг хүртсэн юм.  

 

“Онцлох ном” шагналын эзэн Цэвэгжавын Ганболд,Номын баярт энэ жилээс эхлэн оролцож байна. Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Монголчууд маань Монгол Улсынхаа зүрхэн тольт болсон их талбайдаа цуглаж, номын далайд жигүүрлэдэг үнэхээр сайхан баяр болдог юм байна. Би 13 жилийн өмнө буюу 2010 онд анхны бүтээлээ хэвлүүлж байсан. Одоогоор гурван ном хэвлүүлэн олны хүртээл болгоод байна. Гурав дахь бүтээл болох “Шувуу зүүрмэглэх зуур” номоороо энэхүү шагналыг хүртлээ. Хоёр дахь бүтээлээрээ 2017  онд “Алтан өд” шагналыг хүртэж байсан. Уран бүтээлч хүн гэдэг цаг ямагт шинэ зүйлийг эрэлхийлдэг. Дотоод ертөнцөө уран бүтээлээрээ дамжуулж, хийж бүтээхийг эрмэлзэж явна. “Зохиолч хүн гэдэг уншигчийн өмнө бус, эх хэлнийхээ өмнө үүрэг хүлээнэ” гэх сайхан үг бий. Тиймээс зохиол бичихдээ хэл найруулгадаа их ач холбогдол өгдөг. Орчин үеийн залуус номыг маш сайн уншдаг болсон байна. Үндэсний номын баяр хөдөө орон нутаг руу чиглэсэн өргөн хүрээтэй болвол илүү олон хүнд хүрэх болов уу гэж бодож байна” гэлээ. 

          Р.Цэцэгбаяр

         Т.Амаржаргал



Холбоотой мэдээ