ЗАВХАН: Баянтэс сум бүтээн байгуулалтын ажлуудаа эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-19 12:21:18

Улиастай /МОНЦАМЭ/. Баянтэсийнхэн сумын төвөө бүрэн гэрэлтүүлж, өрх бүрийг шилэн кабельд холбож байна.


Тус сум ирэх жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тиймээс сумынхаа түүхэн ойг угтсан бүтээлч 100 ажлыг эхлүүлсний нэг нь гэрэлтүүлгийн ажил юм.


Гэрэлтүүлгийг аймаг, сумын нийт 134 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийжээ. Өнөөдрийн байдлаар сумын төвийнхөө гудамж талбайн нийт 65 хувьд нь гэрэлтүүлгийг хийсэн байна.


Харин ирэх жил гэрэлтүүлгийн ажлыг гүйцээнэ. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, замыг гэрэлтүүлэгтэй болгосноор явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй, иргэдийн аюулгүй орчинд амьдрах боломжийг нь бий болголоо.  

Түүнчлэн 100 бүтээлч ажлын хүрээнд 179 сая төгрөгийн өртөгтэй цахим сум төслийг хэрэгжүүлж байна.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Монголын цахилгаан холбоо компанийн FTTH сүлжээ, micom сүлжээнүүдийг оруулаад байна.

Ингэснээр айл өрх бүрийг шилэн кабелиар холбож телевизийн антенгүй олон суваг үзэх боломжтой болсон. Мөн хүссэн сувгаа 72 цаг ухрааж үзэх, You tube, Netflix сувгуудыг үзэж, өндөр хурдны хязгааргүй утасгүй интернэтэд бүрэн холбогдлоо.


Алслагдсан сумын хувьд өндөр хурдны интернэтэд холбогдсоноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ нь хурдтай, хүртээмжтэй болж байна.

Төрийн ихэнх үйлчилгээ цахимжиж буй энэ үед иргэдэд чирэгдэл учрахгүйгээр үйлчилгээг авах боломжтой болж байна.

Түүнчлэн иргэд, ялангуяа хүүхэд залуучууд цахим орчноос мэдээллийг хүртээмжтэй авах, хаанаас ч хэрэгтэй мэдээллээ олж, мэдлэгээ тэлж суралцах боломжтой боллоо гэж Баянтэс сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ