Илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу судлаачдын судалгааг дэмжихээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзан, сүүлийн үеийн судалгааны чиглэл, дэвшүүлж буй санал, санаачилгыг сонирхон ярилцлаа.
Ялангуяа дэлхий нийтийн
тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон ирээдүйг цогцлооход
хувь нэмрээ оруулж яваа оюутан залуус цөөнгүй байв. Тухайлбал, Хүрээлэн буй
орчны мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистрант Мэдисон Фриймэн, тогтвортой
хөгжилд суурилсан бизнес загварын өөрчлөлтийн судлаач Эмира Хэннон, уур
амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэх
эрмэлзэлтэй Саммер Шау, нийгмийн хөгжил, олон нийтийн инновацийн салбарт
тэргүүлэгч Жеффри Реппучи, агаарын тээврийн инженерчлэлээр мэргэшсэн Никита
Козак, механик инженерээр докторын хөтөлбөрт суралцаж буй Элизабет Чайлд, уур
амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын сэдвээр судалгаа бүтээлээ туурвидаг Макс
Клессер нарыг энд дурдаж болно.
Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Стэнфордын их сургуулийг
зорин ирж, улс төр, эдийн засаг, анагаах ухаан, мэдээллийн технологи, нийгэм,
хүмүүнлэгийн салбарт өөрсдийн эх орны туршлага, өнөөгийн нөхцөл байдалд
үндэслэн хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Эдгээрээс,
Харвардын их сургуулийн төгсөгч, Стэнфордын их сургуулийн түүхийн шинжлэх
ухааны докторант Жулиа Фаян, Пуэрто Рикогоос ирсэн хууль зүйн ухааны докторант
Гектор Рейес, хүний эрхийн мэргэжилтэн, анторопологийн шинжлэх ухааны докторант
Хюзафа, Канадаас ирсэн Эллиот Рэйчард, Израилаас ирсэн бизнесийн удирдлагын
магистрант Ури Кедем, Австралиас
ирсэн биологийн шинжлэх ухааны докторант Чинмай Сонавэнэ нар өөрсдийн
хэрэгжүүлсэн санаачилга,
ойрын зорилтоосоо хуваалцлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар оюутнуудад хандан, мэдлэгийн
эдийн засаг бол аль ч улс орны хөгжлийн хөшүүрэг гэдгийг тодотгоод, инновацид суурилсан дэвшилтэт
технологи нэвтрүүлж, илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу
судлаачдын хамтарсан судалгааг дэмжин хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд оюутнууд УИХ-ын даргад хандан, сонирхсон асуултдаа
хариулт авцгаасныг УИХ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.