БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотод “Unitel Hub” сургалт, мэдээллийн танхим байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Unitel Hub” сургалт мэдээллийн танхим байгуулж, энэ сарын 18-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар оролцож, хүүхэд залуучуудад амжилт хүслээ.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Юнител" компани хамтран “Unitel Hub” танхимыг 10 аймгийг сонгон байгуулж байгаа ба эхнийх нь 2022 онд Дархан-Уул аймагт нээлтээ хийсэн аж.
Аймгийн төвд сургалт, мэдээллийн танхим ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд англи хэл, мэдээлэл зүй, монгол бичгийн болон код бичих сургалтуудад хамрагдах, цахим орчноос шаардлагатай мэдээлэл хайх, хүлээн авах, ном унших, сонсох, Мplus аппликейшн ашиглах, Look TV болон бүх төрлийн цахим хичээлүүд үзэх боломж бүрдэж байна.
Төвийн техник хэрэгсэл, тохижилтын зардлыг “Юнител” групп, танхим, хүний нөөц, өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, тохижилт, засвар үйлчилгээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцна. Төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ур чадвараа тогтмол дээшлүүлсэн залуучуудыг мэдээлэл, харилцааны чиглэлээр ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, ажлын байранд сургах, дадлагажуулахад “Юнител” групп хамтран ажиллана.
“Unitel Hub” танхимыг 2023 онд Архангай, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь,
Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 аймагт, 2024 онд бусад
бүх аймагт, цаашид алслагдсан сумдад байгуулах төлөвлөгөөтэй байгааг албаны хүн
хэллээ.