ЗАВХАН: Улиастайгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-19 21:22:17

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Яруу сумын нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.


Яруу суманд нохой зууж ирсэн тарвагыг өвчиж идсэний улмаас булчирхайн хэлбэрийн шинж тэмдэгтэй дуудлага мэдээллийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний 14.00 цагийн орчимд аймгийн Нэгдсэн эмнэлгээс Зоонозын өвчин судлалын төвд өгчээ.


Ингээд тус төвөөс дуудлагын дагуу шуурхай ажиллаж дээж материал авч түргэвчилсэн тестээр эерэг гараад байна. Одоогоор өвчтөний биеийн байдал халуурсан, бөөлжиж гүйлгэсэн эмнэлзүйн өгүүлэмжтэй байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.


Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хариу арга хэмжээг авч ажиллаж байна.


Аймгийн төв Улиастай сумаас гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 21.00 цагаас эхлэн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 21.00 цаг хүртэл хязгаарлаад байна. 


Холбоотой мэдээ