БАЯН-ӨЛГИЙ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төслийн удирдагч Н.Сосорбарам тэргүүтэй төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий, Ховд аймагт 2020 оноос хэрэгжүүлж байгаа.
Норвегийн тусламжийн байгууллага төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Баян-Өлгий, Ховд аймгуудын ЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл” нь 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 4 дэх жилдээ ажиллаж байна. Уг төслийн дунд хугацааны үнэлгээний тайланг санхүүжүүлэгч байгууллага болох Норвегийн тусламжийн байгууллагын удирдлагууд үнэлээд хоёр дахь шатны төслийг Баян-Өлгий аймагт дахин хэрэгжүүлэхээр болсон.
Иймд аймгийн Засаг даргын захирамжаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил
төсөл"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын баг байгуулж ажиллуулж байгаа ба
дээрх уулзалтын үеэр хоёр дахь шатны төсөлд тусгах санал, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.