ДОРНОГОВЬ: Цэвэрлэх байгууламжийн мэргэжилтнүүд чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-20 12:59:39

Сайншанд /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн цэвэрлэх байгууламжийн салбарын инженер, албан хаагчдын  цахим, танхим хосолсон сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотын "Чандмань-Илч" орон нутгийн өмчит компанийн байранд өнөөдөр эхэллээ.


Уг сургалтыг Барилга хот байгуулалтын яам, Дорноговь аймгийн ЗДТГ, Япон Улсын Шизүока мужийн Засаг даргын Тамгын газрын бохир усны бодлогын хэлтсийн инженер, мэргэжилтнүүд, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна.


Тус сургалтыг “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээж авах, үйл ажиллагааг сайжруулах сэдвээр  зохион байгуулж буй.


Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН3388/3713 төсөл”-ийн хүрээнд 2022 оны долоодугаар сард Дорноговь аймгийн Сайншанд хотод хоногт 3000 м.куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, Ар, Өвөр шандыг холбосон 4.4км бохир усны төв магистрал шугам зэрэг нийт 9.7 тэрбум төгрөгийн өртөгтэй дэд бүтцийн томоохон ажлуудыг хийж дуусгасан юм.


Ингэснээр бохир усыг олон жил байгальд хаяж байсан явдлыг зогсоож, Сайншанд хот нэгдсэн цэвэрлэх байгууламжаар бохир усаа цэвэрлэх боломж бүрдсэн.


Цэвэрлэх байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааг  орон нутгийн өмчит “Чандмань илч” ХХК хариуцан ажиллаж буй бөгөөд энэ чиглэлийн инженер техникийн ажилтнуудыг сургах, дадлагажуулах ажлыг Японы Шизүока мужийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ