Монгол Улсын эдийн засаг ирэх онд 5.9 хувиар өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-20 14:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын эдийн засгийг энэ оны 4 дүгээр сард 5.4 хувиар өснө хэмээн төсөөлж байснаа мэдээллээ. 


Тэгвэл тус банкнаас өнөөдөр танилцуулсан “Ази тивийн хөгжлийн төлөв”-ийн 2023 оны 9 дүгээр сарын шинэчилсэн тайлангаар дээрх үзүүлэлт бага зэрэг өсөж, 5.7 хувьтай гарчээ. Ирэх онд мөн өмнөх 6.1 хувийн өсөлтийн төсөөллөөс ялимгүй буурч 5.9 байхаар тусгажээ.



АХБ Азийн хөгжиж буй орнуудын энэ оны эдийн засгийн өсөлтийг өмнөх 4.8 хувийн төсөөллөөс ялимгүй бууруулан 4.7 хувь байхаар тооцжээ. Харин ирэх оны өсөлтийг 4.8 хувь хэвээр байхаар таамагласан байна.


2024 онд Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг уул уурхайн салбар, тээвэр, тус салбарын агуулах, үйлчилгээний бусад бизнесийн үйл ажиллагаа хангаж эерэгээр нөлөөлөх нь. Мөн хувийн хэвшлийн зээл эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байгааг АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабер хэллээ.


Эдийн засгийн сэргэлт тэнцвэргүй, салбаруудын үзүүлж буй хувь нэмэр харилцан адилгүй байна. Хэдий тийм ч эдийн засгийн ойрын хугацааны төлөв тогтвортой, эерэг байна гэдгийг тэрбээр тодотгож хэллээ. Монгол Улсын эдийн засаг хүчтэй өсөж буй ч уул уурхайн салбараас хамаарсан нөхцөл байдал хэвээр байгааг анхаарах хэрэгтэйг мэдээллээ. Тэрбээр:

  • Үнийн тогтвортой байдлыг хангах,
  • Ажил эрхлэлтийг сайжруулах,
  • Бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгийн дархлааг дэмжих нь ДНБ-ий өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход эерэгээр нөлөөлөхийг онцоллоо.



АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд өнөөдөр Монголын эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцуулсан юм. Эдийн засгийн сэргэлт энэ онд үргэлжилж ирсэн ч салбар бүрээр харилцан адилгүй, тэнцвэргүй байгааг тэрбээр хэллээ. Төлбөрийн тэнцэл сайжирч гадаад валютын улсын нөөц 3.7-3.9 тэрбум ам.долларын түвшинд хүрч тогтворжсон.


Цаашид инфляцыг бууруулж, тогтвортой түвшинд байлган хадгалах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, татварын бааз суурийг тэлэх, төсвийн зардлыг эрэмбэлж, хумих, хуримтлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.

 

Холбоотой мэдээ