Ковидоос сэргийлэх давтан вакцинжуулалтад хамруулахыг ДЭМБ уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-20 16:29:39

ЖЕНЕВ. /ВВС/. ДЭМБ-аас ковидын цар тахлын онцгой байдлыг албан ёсоор тавдугаар сарын эхээр цуцалсан  хэдий ч есдүгээр сарын эхэн үеэс АНУ-д коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай өсч, 2020 оны хаврын эхний давалгааны түвшинд бараг хүрсэн байна.


АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр, наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ныг хүртэлх долоо хоногт эмнэлэгт хэвтэх шаардлагатай өвчтөнүүдийн тоо  9 орчим хувиар өсч, нас баралтын түвшин  5 орчим хувиар өсжээГэхдээ энэ бол хагас сарын өмнөх албан ёсны мэдээлэл юм.


Сүүлийн гурван жилийн хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулж коронавирусыг илрүүлэхээс гадна халдвар авсан хүмүүсийн бодит тоог илүү нарийвчлалтай тооцоолох өөр аргачлалуудыг эрдэмтэд боловсруулжээЖишээлбэл, хотын бохир усны хоолой дахь вирусын концентрацийг хэмжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоотой харьцуулах замаар нэлээд үнэн зөв урьдчилсан мэдээг гаргаж болно. Энэ үзүүлэлтийн дагуу цар тахлын шинэ давалгаа эхнийхийг даваад байгаа аж.


Мөн математик загварчлалын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг Жэй Вейландын тооцоолсноор, есдүгээр сарын 8-ны байдлаар АНУ-д коронавирусний халдвар авсан хүмүүсийн бодит тоо өдөр бүр ойролцоогоор 720 мянгаар нэмэгдэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар АНУ-ын хүн амын 2 орчим хувь нь  халдвар аваад байна гэсэн үг юм. Ж.Вейландын тооцооллоор,  дараагийн сар хагасын хугацаанд халдвар авсан хүмүүсийн тоо хамгийн багадаа 4.5 дахин нэмэгдэх аж.


Дээр дурдсан хоёр аргачлалын үзүүлэлт буюу бохир усны шугам дахь вирусний концентраци болон математик загварчлал нь ковидын шинэ давалгааны оргил үе хэдийнэ өнгөрсөн болохыг харуулж байна. Шинэ халдварын тоо аажмаар буурч байгаа бололтой. Гэсэн хэдий ч хүйтний улирал ирж буй энэ үед ковидын шинэ чиг хандлагад ихээхэн өөрчлөлт орж, халдварын тоо дахин нэмэгдэж магадгүй юм.


Вакцин бол ковидын өвчлөл хүндрэхээс сэргийлэх хамгийн сайн арга


Ковидоор өвчилсөн хүмүүсийн тоо өсч, ноцтой тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа тухай түгшүүртэй мэдээлэл зөвхөн АНУ төдийгүй бусад улс орнуудаас ирж байна гэж ДЭМБ-ын ажилтан Мария Ван Керхове өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдэгдсэн юмТэрбээр, улс орнууд ийм шинэ нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй гэж үзэж байна.


Давтан вакцинжуулалт нь ковидын өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх хамгийн сайн арга гэдгийг ДЭМБ уйгагүй давтан анхааруулдаг. Ялангуяа, эрсдэлт /эмзэг/ бүлгийн хүмүүсийг давтан вакцинжуулалтад хамрагдахыг онцгойлон зөвлөж байна. Түүгээр ч барахгүй шинээр гарах вакциныг хүлээх шаардлагагүй, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн ямар ч вакцин зохих ёсоор хамгаална гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ.


Зөвхөн насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүд, тэр дундаа сургуулийн өмнөх насныханд давтан вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөж байна. Коронавирусний эсрэг вакциныг 2-3 удаа хийлгэсэн 5 хүртэлх насныхан ковидоор өвчилсөн тохиолдолд эмч дуудах шаардлага гурав орчим, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гурав гаруй дахин цөөн байгааг сүүлийн үеийн судалгааны дүн харуулжээ.

 


Холбоотой мэдээ