Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоцикл хэрэглэхийг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-20 16:26:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаагийн автомашингүй өдрөөр унадаг дугуй, тавцант тэшүүр /skateboard/-ээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй /суррон мотоцикл/ зэргийн хэрэглээг хориглоно.


Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах бүсэд амьдардаг иргэдийг машинаа зогсоолд байршуулахдаа зам хаах цагийн хуваарийг харгалзан үзэхийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир зөвлөөд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.


Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалахаар автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний өдрийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулахад ТЦА-ны Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл иржээ. Энэ нь энгийн үеийнхээс 40-50 хувиар буурсан үзүүлэлт боловч 2-10 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж, гэмтсэн аж.

 

Холбоотой мэдээ