Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажиллахдаа тус хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.
Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг
хот, эко хот концепцын ухаалаг шийдлийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд
нэвтрүүлэхээр тохиролцсон юм.
Иймд Улаанбаатар, Тяньжин
хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форумын үеэр өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичигт Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай
бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин
Экосити төслийн удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дагуул хот, эдийн
засгийн тусгай бүсийг бий болгон хөгжүүлэхэд гадаадын мэргэжилтэн, судлаачидтай
хамтран ажиллах, шинэ техник, технологийн туршлагыг дотооддоо нэвтрүүлэх,
байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах боломж бүрдэх юм.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн
газрын дарга Б.Мэндсайхан, “Санамж
бичиг байгуулснаар дагуул
хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрийг илүү нарийвчилсан
төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн урт хугацаанд харилцан
ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллана” хэмээв.
Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн
удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн “Улаанбаатар хот нь саяас дээш хүн амтай
дэлхийн томоохон хот учир төлөвлөлтөө сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах
орчныг бүрдүүлэхэд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх хэрэгтэй.
Тиймээс бид боломжит бүх талаараа дэмжинэ” гэлээ.
Ташрамд дурдахад, Тяньжин хот ухаалаг технологид суурилсан дүүргийг хөгжүүлж байгаа бөгөөд тус дүүргийн 31 хорооллын 400 мянган өрхийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлыг үүлэн технологид суурилсан удирдлагын системээр хянан шийддэг аж. Мөн жолоочгүй нийтийн тээврийн үйлчилгээ, ухаалаг гэрлэн дохиог нэвтрүүлснээр авто замын ачааллыг 20 хувиар, түгжрэлийн хугацааг 20-30 минутаар богиносгожээ.
Тухайлбал, ухаалаг гэрлэн дохио нь тухайн замын ачааллаас хамаарч улаан, ногоон, шар гэрлийг хэдэн минут, секундийн хугацаатай асаах зохицуулалтыг дэвшилтэт технологийн тусламжтай хийдэг аж.