Африкийн орнуудыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд элсүүлэхийг Франц улс дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-22 11:03:35

НҮБ. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Африкийн орнууд болон “G4” бүлгийн орнуудыг (Бразил, Герман, Энэтхэг, Япон) байнгын гишүүнээр элсүүлэхийг Франц улс дэмжиж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ. 


"Бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлд түлхэц өгөх ёстой, энд мэдээж түүнийг өргөжүүлэх тухай ярьж байна" гэж тэрбээр тэмдэглэн хэлээд "Бид тус зөвлөлд Африкийн улсуудыг өргөнөөр оролцуулах, тэр дундаа байнгын үндсэн дээр оролцуулахыг дэмжиж байна. Түүнчлэн “G4”-ийн орнуудыг элсүүлэхийг дэмжинэ" гэж мэдэгдсэн байна. 


Гэхдээ Африк тивийн чухам ямар улсуудыг Аюулгүй Зөвлөлд оруулахыг дэмжиж байгааг сайд тодорхой дурдаагүй байна. 


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд 15 орон багтдаг бөгөөд үүнээс тав нь (Орос, Их Британи, Хятад, АНУ, Франц) байнгын гишүүн, 10 нь хоёр жилийн хугацаатай сонгогддог байнгын бус гишүүн орнууд юм.


"G4" гэдэг бүлэг бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход харилцан бие биенээ дэмжих үүрэг амлалт авсан улс орнууд юм. Аюулгүйн Зөвлөлийг зайлшгүй шинэчлэх шаардлагатайг НҮБ-ын гишүүн орнуудын ихэнх нь хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш урьд нь мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Аюулгүйн Зөвлөлийг Өрнөдийн орнуудаар бус харин Ази, Африк, Латин Америкийн орнуудаар өргөжүүлэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн байна. 


Холбоотой мэдээ