“Нэг бүс-нэг зам санаачилга"-ын хүрээнд Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас дэвшүүлэн
тавьсан “Нэг бүс-нэг зам санаачилга"-ын хүрээнд Монгол Улс нэн тэргүүнд төмөр
зам, эдийн засгийн чөлөөт бүс зэрэг дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Энэ
талаар ГХЯ-нд өнөөдөр болж буй “Нэг бүс-нэг зам санаачилга-10 жил: Монгол Улсын оролцоо,
хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хуралд оролцож буй манай улсын эрдэмтэн,
судлаач, дипломатч нар хэлж байв.
Тодруулбал, доктор,
профессор Ж.Баясах хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин манай улсад айлчилж
ирснээс хойш Монгол Улс тус улсын дэвшүүлсэн тавьсан “Нэг бүс-Нэг зам санаачилга"-д орсон. Манай улсын хувьд одоо төмөр зам зэрэг дэд бүтцээ барьж
аван, аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Мөн соёл, хүмүүнлэгийн
харилцаагаа хөгжүүлэх нь их их чухал байна. Үүний төлөө манай улс явж эхэлж
байна” гэсэн юм.
Тэрбээр, Монгол Улсад суух Элчин сайдаар БНХАУ-ын ГХЯ-ны Азийн хэлтсийн орлогч дарга Монголд
томилогдон ирж буйг дурдаад, ингэснээр хоёр улс “Нэг бүс-Нэг зам санаачилга"-ын
хүрээнд нилээд юм хийнэ гэсэн хүлээлттэй байна гэв.
Доктор Д.Уламбаяр, БНХАУ,
ОХУ-ын хоорондох гадаад худалдааны эргэлт 2023 оны хүлээгдэж үр дүнгээр 200
тэрбум ам.доллароос давах төлөвтэй байгааг дурдаад, үүний дийлэнхийг газрын
тос, байгалийн хийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ эзлэн худалдаанд нь голлон
нөлөөлж буйг хэллээ.
Энэ үйл явцад Монгол Улс
дэд бүтцээ хөгжүүлэх үндсэн дээр Засгийн газраас дэвшүүлж буй газрын гүүр буюу идэвхтэй
транзит орон болох нь чухал ач холбогдолтой болж буйг цохин хэлсэн юм. Монгол
Улс, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 20 тэрбум
ам.долларт хүргэхээр шийдвэрлэснийг эргэн тэмдэглэж байв.
Эрдэм шинжилгээний хуралд БНХАУ-аас
хүрэлцэн ирсэн, тус улсын ГХЯ-ны дэргэдэх Олон улс судлалын академийн орлогч
захирал Юй Жян “Нэг бүс-нэг зам санаачилга": БНХАУ-ын хөрш орны бодлого ба
Монгол Улс” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрбээр илтгэлдээ, БНХАУ-ын дарга
Ши Жиньпинийн дэвшүүлсэн “Хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтдаа ашиг
хүртэх” гэсэн 3 зарчим, мөн “Энхтайванч, аюулгүй байдал ба соёл иргэншил” гэсэн
Даян дэлхийн 3 санаачилгыг онцлон дурдаж, үүнтэй холбогдуулан хурдацтай хөгжиж
буй нийгэм, эдийн засгийн байдал чанарт шилжиж байна хэмээн БНХАУ-ын гадаад бодлогын
гол зорилгуудыг дурдсан юм.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс ГХЯ, БНХАУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам санаачилга-10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Энхтуяа нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.