Автомашины дундаж хурдыг нэмснээр агаарын бохирдол буурах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-22 14:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеийнхээс 2-3 дахин их байдаг байна. Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай байгаа.


Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их бий. ДЭМБ-аас хүлцэх хэмжээ нь 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дуу чимээний дундаж 75.1 дб байна. Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтой аж.



Явган хүний зам авто замаас 4 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байдаг бол явган хүний зам авто зам, хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс 3 дахин их байна. Зүлэг, буттай явган хүний зам авто замаас 5 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байгаа тул нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд нийт 16 байршилд явган хүний 16.1 км зам хийсэн бол цаашид 20 байршилд 24.2 км явган хүний зам тавихаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХГ-аас мэдээлэв.


Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцорын бохирдолд өртдөг бөгөөд энэ нь нөхөн үржихүй, амьсгал, мэдрэл, зүрх судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг байна. 

Холбоотой мэдээ