Ц.Тод-Эрдэнэ: Бичигт боомтын шинэ цогцолборыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь боомтын
захиргааны Бичигт боомт хариуцсан төлөөлөгч Ц.Тод-Эрдэнэтэй боомтын шинэ
цогцолборын ажлын талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын
хүрээнд хилийн боомттой аймгуудад боомтын захиргаа
байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа билээ.
-Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт боомтыг шинэчлэх төсөл Азийн хөгжлйн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Сүхбаатар аймгийн Бичигт боомтод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ цогцолбор барьж байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхлээд удаагүй байна. Барилгын ажлыг барилгын цэргийн 119 дүгээр анги гүйцэтгэж байна. Шинээр барих барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Харин зам, инженерийн шугам сүлжээний ажлыг "Хурдны зам" ХХК авч одоогоор газар шорооны ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байна. Хоёр улсын хил хоорондын 2,5 км зам шинээр тавина.
-Одоогийн байдлаар хоёр улсын боомтын нөхцөл байдал тэнгэр, газар шиг ялгаатай шүү дээ. Тэгэхээр боомтын шинэ
цогцолбор ямар байх бол гэдэг хүлээлт их байна?
-Боомтын шинэ цогцолбор хуучин боомтоос 1,4 километрт байрлаж байгаа. Нийт 14 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээс эхлээд бусад төрийн байгууллагуудын байр, зорчигч болон ачаа тээврийн зам талбай бүгд шинээр хийгдэнэ. 2025 онд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж цаашид бусад тохижилтын ажлуудыг шат дараатай хийнэ.
Боомтын захиргааны үндэсний хорооноос шинэ цогцолборыг ашиглалтад оруулснаар Зүүн хатавчийн боомтын түвшинд хүргэж, жишиг боомт болгохыг зорьж байгаа.
-Боомтын үйл ажиллагаа, нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Яг одоогоор боомтын бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цар тахлын нөхцөл байдлаас хойш үүссэн тодорхой асуудлууд байсан ч шийдвэрлэгдсэн. Нүүрс болон бусад ачаа тээвэр, зорчигч тээврийн ажлууд тогтмол явагдаж байна. Өдөрт 220-230 машин буюу 15-17 мянган тонн ачааг тээвэрлэж байгаа гэсэн үг. Хятад талаас ачаа тээврийн гарцаа нэмэгдүүлж орох гурав, гарах гурав болгосон. Шинэ цогцолборыг ашиглалтад оруулснаар дээрх тоо хэд дахин нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа. Өнгөрсөн долоодугаар сараас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улиастай чиглэлд ажлын өдрүүдэд, өдөрт хоёр удаа зорчигч тээврийн автобус үйлчилдэг болсон.
-Энэ зорчигч тээврийн үйлчилгээ тогтсон маршрутаар
тогтмол явж байгаад иргэд сайшаалтай байнэ.
Гагцхүү ачаа тээшин дээр жаахан асуудал үүсээд байгаа бололтой?
-Тийм ээ. Хэлсэнчлэн ажлын өдрүүдэд өдөрт хоёр удаа нийтийн тээврийн автобус явж байна. Өглөөний тээврийг БНХАУ, өдрийн тээврийг Монгол Улсын тээврийн компани гүйцэтгэж, 45
хүний суудалтай автобус тогтмол зорчиж байна. Монгол Улсын Авто тээврийн үндэсний төв, БНХАУ-ын Хөх хотын авто тээврийн танхим хоорондын хэлэлцээрт зорчигч тээврийн үйлчилгээг наймаас доошгүй хүний суудалтай тээврийн хэрэгслээр хийнэ гэж заасан ч бид Зүүн хатавчийн боомтын захиргаатай тохиролцоод 45 хүний суудалтай атобусаар хоёр талдаа үйлчилж байна. Харин хоёр талын
боомтын захиргаа зөвлөлдөөд наймаас доошгүй хүний судалтай машиныг каргоны буюу ачаа тээшийн зориулалтаар зорчуулахаар хэлэлцэж байна. Энэ удахгүй ажил хэрэг болчихвол иргэдийн дээрх гомдол шийдэгдэх юм.
-Суурьшлын бүсийг хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Суурьшлын бүсийг орон нутгаас хилийн зурвасаас арав гаруй километрт 530 га газарт төлөвлөсөн. Энд суурьшлын айл өрхүүд болон кемпүүд, ачаа тээврийн талбайнуудыг байрлуулна. Хуучин боомтын суурин дээр Сүхбаатар аймаг болон Боомтын захиргааны үндэсний хорооноос хамтран шинээр хот төлөвлөлтийн зураг төсвийг хийлгэж байгаа.
-Боомтын бүсэд хэчнээн иргэн амьдардаг вэ?
-Суурин 1500,
байнгын хөдөлгөөнт 3000 гаруй иргэн байна. Зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдэж, байнгын тээврийн үйлчилгээ явдаг болсноор дамжин өнгөрөх иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн.
-Боомтын шинэ цогцолборын ажил аль аль талдаа хүлээгдэж байсан ажил. Одоогийн Боомтын
нөхцөл байдлыг харахад тулгарч
байгаа асуудал их байх шиг байна?
-Тийм ээ. Мэдээж асуудлууд бий. Өдөрт хэдэн зуун том оврын машин зорчиж байгаатай холбоотойгоор хөрсний доройтол ихээр явагдаж, тоосжилт маш ихээр бий болсон. Айл өрх, албан байгууллагууд дураараа хашаа хороогоо тэлж, газар
зохион байгуулалт гэдэг зүйл үгүй болсон. Одоо үйлчилгээ явуулж байгаа барилга байгууламжууд чанар стандартын шаардлага хангахгүй болсон. Үүнээс гадна хамгийн чухал асуудал
бол уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх явдал. Боомтын шинэ цогцолбор ашиглалтад орсноор ачаа тээврийн
орох, гарах гарц тус бүр гурав болно. Одоо бол манай
талаас орох нэг, гарах нэг л гарцтай байгаа. Ингэхээр маш их дараалал үүсэж тэр хэрээр экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ танагдаж байна гэсэн үг. Боомтын шинэ цогцолборын замын ажлыг энэ ондоо багтаан хүлээлгэж өгөхөөр төлөвлөн гүйцэтгэгч тал ажиллаж байгаа. Хэрэв ингэвэл хоёр тал шууд шулуун замаар
орох гурав, гарах гурван гарцаар холбогдож, тээвэрлэлтээ хийх юм. Ингэснээр өдөрт 500-600 тээврийн машин зорчино гэж үзэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.