Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт 12.5 тэрбум ам.долларыг даваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-25 17:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы бизнесийн 60 гаруй компанийн төлөөлөл манай улсад ирээд байна. Тэд өнөөдөр МҮХАҮТ-д бизнес форум зохион байгууллаа.


Форумыг ӨМӨЗО-ы Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн дэд ерөнхийлөгч Мяо Зэнвэйг нээв.


Тэрбээр, энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой, Хятад улсын дэвшүүлэн тавьсан “Нэг бүс-нэг зам” санаачилгын 10 жилийн ой тохиож буйг онцлоод, хоёр орны хоорондох худалдааны эргэлт 12.5 тэрбум ам.долларыг даваад буйг мэдээллээ. Худалдааны эргэлт өнгөрсөн оныхоос 34 хувиар нэмэгдснийг тэрбээр тодотгов. Ийм цаг үеийн нөхцөл байдалд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хороо МҮХАҮТ хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт” зохион байгуулж буйг онцолсон юм.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин форумын нээлтэд оролцож хэлэхдээ, “Манай хоёр улс түүхэн уламжлалт найрсаг харилцаа, бизнесийн өргөн хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд бизнесийн шинэ боломжууд бий болж, олон салбарт хамтын ажиллагаа эрчимжин, гадаад худалдаа, хамтын харилцаа улам өсөн нэмэгдэж байна “гэв. Энэ чухал цаг мөчид БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсад бизнесийн шинэ боломж, хөрөнгө оруулалт хийх шинэ түншлэлийг эрэлхийлэн, өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.


Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдааны нийлүүлэлт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа нь цаашид 2 орны эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх боломж байгааг харуулж байна. Ялангуяа, Өвөрмонголын зах зээл нь Монгол Улсын бараа бүтээгдэхүүний экспортын борлуулалтын хамгийн том зах зээл байсаар ирсэн бөгөөд МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы худалдааг дэмжих хороо нягт хамтарч ажиллаж ирсэн юм.


Саяхан ӨМӨЗО-ы Эрээн хотод зохион байгуулсан Монгол, Хятад, Орос 3 улсын худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалт, мөн Хөх хотноо зохион байгуулсан дөрөв дэх удаагийн Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн үеэр Монголын ААН-үүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар яриа хэлцэл өрнүүлсэн билээ. Түүнчлэн өнгөрсөн 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд  Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг Бээжин хотноо амжилттай зохион байгуулсан. Тус форумд 2 орны 600 гаруй бизнес эрхлэгч оролцож, 2.2 тэрбум долларын мөнгөн дүн бүхий 25 гэрээ хэлцлийг үзэглэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн юм.


БНХАУ Монгол Улсын экспортын 84 хувийг эзэлж байгаагийн 57 хувийг чулуун нүүрс, 26 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 4 хувийг төмрийн хүдэр, баяжмал тус тус зонхилж, эдгээр нь 10.6 тэрбум ам.доллар болж байна. БНХАУ-аас Монгол Улсад 8.7 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаагийн 10 хувийг ачааны автомашин, 7 хувийг чиргүүл, бусад эд анги, 4 хувийг цахилгаан, эрчим хүч эзэлж, энэ нь 3 тэрбум ам.доллар болжээ.



БНХАУ-ын ӨМӨЗО-ы бизнес форумд БНХАУ-ын Бугат хотоос эрчим хүчний технологи, үйлдвэрлэлийн “Шуанлянь”, “Хойд нутгийн газрын ховор элементийн групп, “Бугат ган төмрийн групп, Хөх хотоос био эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Жинью Баолин”, Хөлөнбуйр хотын Монгол анагаах ухааны эмнэлэг, эм, эмнэлгийн олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төв, Тунляо хотоос А"дис Монгол эм", Улаанцав хотын балт чулуун технологийн “Шинюань”, “Лутон трейд", Баяннуур хотын “Гуан Зи” технологийн зэрэг 60 гаруй компани, ААН-ийн төлөөлөл оролцож, Монголын компаниудад үйл ажиллагаа, бизнесийн харилцаа, хамтын ажиллагаагаа танилцуулж нүүр тулсан В2В уулзалт зохион байгуулав. 


Форумын үйл ажиллагаанд ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Тавинбэх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭМЯ-ны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Сүн Шюэжүн нарын албаны хүмүүс оролцлоо. 


Холбоотой мэдээ