БУЛГАН: Бизнесменүүд туршлага солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-09-28 09:51:37

Булган /МОНЦАМЭ/. Төрийн банкны Булган салбар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран амралтын өдрүүдээр "Миний Монгол" үзэсгэлэн худалдааг Цогт хунтайжийн талбайд зохион байгуулж, 16 сум, 1 тосгоны 51 бизнес эрхлэгч иргэд оролцлоо.


Үзэсгэлэн худалдаа хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаас гадна туршлага солилцох, мэдлэг мэдээллээ хуваалцах, борлуулалтын сүлжээгээ өргөтгөх олон давуу талуудыг хэрэгжүүлсэн нь онцлог байлаа.


Худалдан авагчдын хүлээлт үүссэн, хүнсний ногоо, цагаан идээний борлуулалт өнгөрсөн жилийн дунджаас 30-40 хувь нэмэгдсэн байгааг үйлдвэрлэгчид ярьж байна.


Төрийн банкнаас "Миний Монгол" үзэсгэлэнд сумдаас ирж оролцсон иргэдэд унааны зардал нийт 1 918 000 төгрөг олгож, “Эрүүл иргэн” хадгаламж нээлгэсэн бизнес эрхлэгч болон харилцагчдаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан бөгөөд бизнесийг чадавхжуулах сургалтыг 23 хүнд өгсөн байна.


Мөн энэ үеэр “Харилцагийн өдөрлөг-2023”-ыг Төрийн банкнаас зохион байгуулж, хадгаламжтай  6 азтаныг  3 800 000 төгрөгөөр урамшуулжээ.


Үзэсгэлэнд "Дэлгэрэх пүүдс" ХХК, "Булганд үйлдвэрлэв", "Хангал өндөг", "Сайхан бор толгой" ХХК, "Ногоон Аз" ХХК, “Гурван борхууд” ХХК  арвайн гурил, “Мөнх Амар агро” ХХК зөгийн бал, цай, “Эко Хүнс” ХХК чихэртэй, чихэргүй ааруул, шар тос, модон эдлэл, гар хийцийн гутал, зөөлөн эдлэл, жимс, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнүүдээр оролцлоо.

  










Холбоотой мэдээ