БАЯНХОНГОР: Боловсрол сургалтын байгууллагын гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-28 13:21:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Боловсрол сургалтын байгууллагын гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр Баянхонгор аймаг нэгдүгээрт, Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний ерөнхий дүнгээр гуравдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 10 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.


Багш, ерөнхий боловсролын сургууль, боловсролын газрын үйл ажиллагаа, үр дүн, ахиц амжилтыг тодорхойлсон гүйцэтгэлийн үнэлгээнд аймгийн хэмжээнд 900 гаруй багш, 18000 гаруй сурагч, 18000 эцэг эх асран хамгаалагч, 31 сургууль оролцсон байна. Харин улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдсан бөгөөд үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлт гарсан аж.


Багшийн гүйцэтгэлийг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг бол байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий зургаан шалгуураар хэмждэг байна.


Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ ийнхүү зохион байгуулав.


Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд нийт багш нарын 50.6 хувь, нийт цэцэрлэгийн 41.4 хувь нь урамшуулалд хамрагдаж байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээгээр сургуулиудын 47 хувь нь урамшуулалд хамрагдана.


Холбоотой мэдээ