Тайваньд үйлдвэрлэсэн анхны шумбагч хөлөг онгоцыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-28 16:26:43

ГАОШЮН. /Reuters/.  Тайванийн Ерөнхийлөгч Цаи Ин Вэн дотоодод үйлдвэрлэсэн анхны шумбагч хөлөг онгоцыг Гаошюн хотын боомтод өнөөдөр олон нийтэд танилцууллаа.


Тайванийн батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, Хятадын тэнгисийн цэргийн флотыг тогтоон барихад чиглэсэн төслийн хүрээнд  “Хайкун” шумбагч хөлөг онгоцыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2025 оны эхээр зэвсэглэлд нийлүүлэх ажээ. Ерөнхийлөгч Цаи Ин Вэн албан тушаалдаа 2016 онд ормогцоо энэхүү төслийг санаачилсан аж.  


"Шумбагч онгоцыг дотооддоо үйлдвэрлэх нь бүтэшгүй ажил гэж үздэг байлаа. Харин өнөөдөр тайваньчуудын зохион бүтээж, үйлдвэрлэсэн шумбагч онгоцыг бид харж байна. Тайванийн тэнгисийн цэргийн хүчийг бэхжүүлэхэд энэхүү шумбагч хөлөг онгоц чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж хатагтай И.В.Цаи хэллээ.



Хөх тэнгэрийн өнгөтэй дэвсгэр дээр цагаан нарыг дүрсэлсэн Тайванийн улаан тугаар шумбагч онгоцны хошууг ороосон байв. Шумбагчийг Хятадын домогт гардаг аварга том загасны нэрээр “Хайкун” гэж нэрлэжээ. Дизель-цахилгаан хөдөлгүүртэй,  49.36 тэрбум тайвань доллар буюу 1.53 тэрбум ам.долларын өртгөөр үйлдвэрлэсэн энэхүү шумбагч хөлөг онгоцонд Lockheed Martin Corp”- ын байлдааны системийг суурилуулсан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн “Марк 48 хүнд торпедуудыг тээнэ. Уг шумбагчийг ирэх сараас далайд тавьж турших ажээ.


2027 он гэхэд Тайваньд үйлдвэрлэсэн хоёроос доошгүй шумбагч онгоцыг усанд тавих ба дараагийн загваруудаа пуужингаар тоноглож магадгүй гэдгийг төслийн удирдагч хэлсэн байна. Шумбагч онгоцыг хэд хэдэн орны технологид тулгуурлан зохион бүтээжээ.


Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву Тайбэй хотод сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Тайванийн батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх стратегийн бодлогын хүрээнд шинэ шумбагч онгоцтой болно. Дайн гарахаас сэргийлэхийн тулд Тайвань шумбагч хөлөг онгоцтой байх хэрэгтэй” гэлээ.



 

 

Холбоотой мэдээ