АРХАНГАЙ: Баталгаажсан үүлдэр, омгийн бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-02 10:11:24

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас "Баталгаажсан үүлдэр, омгийн бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх" ажлыг Төвшрүүлэх, Өлзийт сумаас эхлүүлээд байна.


Аймгийн хэмжээнд 19 сумын 22,4 мянган толгой бог малын хээлтүүлэгчийг үзлэг ангилалтад хамруулж, баталгаажуулан, ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх юм. Энэ ажлыг мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран нэг сарын хугацаанд зохион байгуулна.


Уг ажлыг хийснээр тус аймагт үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омгийн мах-өөхний, бүдүүн, бүдүүвтэр ноост хонины MNS1997:2019 стандартын шаардлага хангасан бог малын хээлтүүлэгчийг ялган тэмдэглэх, малын үндэсний бүртгэл мэдээллийн санд бүртгэх, тухайн нутгийн малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулах хээлтүүлэгчийн сүрэгтэй болох юм.


Дээрх ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/473 дугаарын тушаалаар батлагдсан чиглэл, удирдамжийн дагуу хийж байна.

Холбоотой мэдээ