ТӨВ: “Номын хур-2023” чуулганыг хоёр дахь удаагаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-02 15:06:45

Зуунмод 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Номын хур-2023” чуулганыг Төв аймгийн Нийтийн номын санд зохион байгуулав. Энэ удаагийн чуулганаар зохиол залуучуудын нүдээр яаж харагддаг, залуучууд юуг мэдэрдэг, юуг сонирхон судалдаг талаар ярилцлаа.


Тус чуулганыг аймгийн ЗДТГ, "Төв аймгийн залуус" ТББ-аас санаачлан Нийтийн номын сан, Залуучуудын хөгжлийн төв, Эгээрэл номын клуб, Титэм бийрэн бичлэгийн дугуйлан, Ariganga beauty shop хамтран зохион байгуулжээ.

 

 Илтгэгчдийн хувьд бүгд залуу үеийн төлөөллүүд байснаараа онцлог байсан талаар зохион байгуулагчид хэлж байв.  


Тодруулбал, Энэхүү чуулганы тусгай зочноор “Болор цом-39” наадмын дэд байрын шагналт, яруу найрагч Тө.Бямбасүрэн хүрэлцэн ирж Болор цомын тайзнаа уншсан шүлгүүдээ уншиж, яруу найргийн талаарх яриа өрнүүллээ.


Мөн Interview сэтгүүлийн ерөнхий редактор, утга зохиол судлаач Б.Алтанхуяг "Уран зохиол уншихын ач холбогдол" сэдвээр, “Ноорог креатив студиогийн copywriter, “Phoenix Tsotan’s diary” пэйж хуудсын админ, Кино блогер О.Пагма "Бичих чадвараа сайжруулах нь яагаад чухал вэ?" сэдвээр илтгэл тавилаа.

 

Түүнчлэн Төв аймгийн Бүрэн сумын Монгол хэл, уран зохиолын багш Д.Нямгаваа, "Яагаад уран зохиолын номын унших судлах ёстой вэ?" сэдвээр, Догдолсон л юм чинь битгий харамс" номын зохиолч, Хувьсал продакшны продюсер Ц.Анударь "Уран зохиол ба мэдрэмж" сэдвээр илтгэл танилцууллаа.

 

Хэлэлцүүлгийн үед тусгай зочин болон илтгэгч нараас оролцогчид сонирхсон асуултуудаа асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

 

Сурагчдын хувьд чөлөөт ярилцлагын үеэр ухаарсан, мэдэрсэн, өөртэйгөө ярилцсан, номын уншихын ач тусын талаар эргэцүүлсэн, номын хур буусан сайхан үйл ажиллагааг байсан талаар сэтгэгдлээ хуваалцав.

 

"Номын хур-2023" чуулганы хүрээнд Ц.Анударь зохиогчийн "Догдолсон л юм чинь битгий харамс" ном, Тө.Бямбасүрэн яруу найрагчийн "Өнө удаан" номуудыг худалдаалсан. Түүнчлэн Титэм бийрэн бичлэгийн клуб уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэж, номын хавчуурга болон бийрэн бичлэгийн худалдаа явуулжээ. 

Холбоотой мэдээ