“Монголын сая өдөр” үзэсгэлэнг Литва Улсын Тракай дахь түүхийн музейд нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-02 20:22:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол нутгаас олдсон хадны сүг зургийн "Монголын сая өдөр" гэрэл зургийн үзэсгэлэнг Бүгд Найрамдах Литва Улсын Тракай дахь түүхийн музейтэй Варшав дахь Монгол Улсын ЭСЯ хамтран тус музейн харьяа Медининкай цайзад 2023 оны 9 дүгээр сарын 6-26-нд гаргаж, олон нийтэд танилцууллаа.


Медининкай цайз, Тракай орчим нь Монголын их гүрний хожуу үеийн улсуудаас Литва, Польшид “татаарууд” ирж суурьшсантай болон манай улсын эртний түүхтэй холбоотой газрууд юм.  


Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний хувьсалын тусгал, Монгол нутаг дахь түүхэн дурсгал, хаданд мөнхөрсөн урлагийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор найруулагч, продюсер Б.Баяр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт буй 3000 гаруй хадны зургийг хальсанд буулгаснаас дээжлэн 27 гэрэл зургийг дээрх үзэсгэлэнд дэлгэжээ.


Энэхүү үзэсгэлэнг Литвад 2023 онд хоёр дахь удаа гаргаж буй бөгөөд Литвийн Вильнюсын Их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд энэ оны эхээр  өмнө нь гаргасан байна. Тус үзэсгэлэнгийн зэрэгцээ Медининкай цайзад Эртний гар урлал болон уран бүтээлчдийн фестиваль болж, эдгээр арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яамны атташе З.Цэлмэн оролцож, музейд дурсгалын зүйл гардуулав. 


Тракайн түүхийн музейн албан ёсны фейсбүүк цахим хуудаст дээрх үзэсгэлэнгийн тухай “Монголын өргөн уудам нутгаас олдсон олон мянган хадны сүг зураг нь урлагийн бүтээл төдийгүй тухайн үеийн эртний ард түмний ахуй амьдрал, зан үйл, ёс заншил, итгэл үнэмшлийг харуулсан түүхэн баримт юм. Ийм хадны урлагаас 20 мянган жилийн өмнө монгол адууг тамгалж байсан, 5000 жилийн өмнө өмсөж байсан хувцас, хэрэглэлийн хэв маяг одоо ч хүртэл монголчуудын хувцаснаас харагддаг. 5000 жилийн тэртээ Монголын тал нутагт бүтээгдсэн үүнтэй төстэй зураг, оршуулгын соёлын олдворууд Франц, Швейцарын нутаг дэвсгэрээс ч олддог зэрэг нь гайхалтай сонирхолтой юм. Эртний уран бүтээлчид зөвхөн Монголд харьяалагддаггүй, дэлхийн соёл, түүхийн өв юм. Бид тэдний өмнө гүн гүнзгий, чин сэтгэлээсээ хүндэтгэлтэйгээр мэхийж байна. 


Испанийн Альтамира агуй дахь эртний агуйн зургуудыг үзэж байхдаа агуу Пабло Пикассо "Бид өмнөх үеийнхнээсээ хоцорчээ" гэж нэгэнтээ хэлэв. Хадны урлаг бол тэрхүү нууцлаг цаг үеийг тусгасан мөрөөдөл, зөн совин, мэдрэмж, хүсэл тэмүүлэл, уран сэтгэмжийн асар том ертөнц болох нь тогтоогдсон тул агуу зураачийн сэтгэлийг хөдөлгөжээ.


Үзэсгэлэнг Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байна. Б.Баяр хадны гэрэл зургийг Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Архангай, Ховд, Хэнтий, Баян-Өлгий аймагт авсан юм” хэмээн тэмдэглэжээ. 





Холбоотой мэдээ