Венецэд гүүрэн дээрээс автобус унасны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-10-04 12:09:07

РОМ, 2023 оны аравдугаар сарын 4 /BBC/. Италийн Венец хотод гүүрэн дээрээс автобус унаж шатсаны улмаас 21 хүн, тэдний дотор хоёр хүүхэд амиа алдсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.


Автобус Венецтэй гүүрээр холбогддог Местре дүүрэгт явж байхдаа гүүрний хашлагыг давж, галт тэрэгний зам дээр унасан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд Украины тав, Германы нэг иргэн, Италийн жолооч байсан гэж Венец дэх засгийн газрын төлөөлөгч Мишель Ди Бари мэдэгджээ. Венец хотын дарга Луижи Бруньяро “маш эмгэнэлтэй явдал тохиолоо” гэж мэдэгдсэн байна. 


Уг автобусыг Венецээс Маргера дүүрэг рүү аялж амрахаар явж байсан жуулчдыг хүргэх зорилгоор түрээсэлсэн байж магадгүй гэж үзэж байна. Осол орон нутгийн цагаар оройны 19:45 цагийн орчимд гарчээ. Зарим хэвлэлд мэдээлж буйгаар, автобус метан хийгээр ажилладаг байсан бөгөөд цахилгааны шугам дээр унаж, улмаар шатсан байна.


Дотоод хэргийн сайд Маттео Пиантедози амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд аврах албаныхан ослын газарт ажилласаар байна. Одоогоор 18 хүн гэмтэж бэртсэнээс тав нь хүнд бэртэл авчээ. Хохирогчдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор ойролцоох эмнэлэгт сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар бүхий хүлээн авах цэг байгуулжээ.


Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони болсон хэрэг явдалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгдээд, эмгэнэл илэрхийлсэн байна. Бид хохирогчид болон тэдний гэр бүл, найз нөхөдтэй сэтгэл зүрхээрээ хамт байна гэж тэрбээр хэлжээ. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен мөн, энэ хүнд цаг мөчид Италийн удирдагчидтай хамт байгаагаа илэрхийлсэн байна. 


2013 онд Италийн өмнөд хэсэгт орших Монтефорте-Ирпино суурингийн ойролцоох гүүрэн дээр хот хоорондын нэгэн автобус жолоодлогo алдсаны улмаас хэд хэдэн машиныг мөргөж, улмаар гүүрэн дээрээс унасны улмаас 38 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.

Холбоотой мэдээ