ХӨВСГӨЛ: “Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгт 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-04 17:51:22

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгийг Улаанбаатар хотод аравдугаар сарын 6,7-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.



Тус өдөрлөг нь Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах зорилготой юм.


Бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.


Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцоно.

 

 

“Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгийн үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлийнхөн дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг болно.


Хоёр өдөр Сүхбаатарын талбайд үргэлжлэх өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд Хөвсгөл аймгийн онцлогтой танилцаж, урлаг соёлын үзүүлбэр үзэж, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн, хүнс, хоолыг амтлах, худалдан авах боломжтой.



Холбоотой мэдээ